Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө галт уулын дэлбэрэлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн Номхон далайн Тонга арал улсад хүмүүнлэгийн тусламж очсоор байна.

Харин Пүрэв гарагт Австралийн тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцыг Тонгагийн эрх баригчид хүлээж авалгүй, замын дундаас нь буцаажээ. Учир нь уг онгоцонд коронавирусийн халдвар тээгч зорчиж явааг мэдсэн юм байна.

105,000 орчим хүн амтай Тонга улс нь коронавирусийн цар тахалд нэрвэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг юм.

Олон улсын тусламжийн ачаатай цуг коронавирус орж ирэхээс Тонгагийн эрх баригчид ихэд болгоомжилж байгаа. Тэгвэл тус улсад байгалийн гамшгаас гадна эрүүл мэндийн гамшиг үүсэх юм. Австралийн онгоцны хувьд нисэх багийнхан хөөрөхөөсөө өмнө түргэвчилсэн шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарсан юм байна. Харин замд гарсан хойно нь багийн гишүүдийн нэгний PCR шинжилгээний хариу эерэг гарсан ажээ.

Тонгад ирсэн тусламжийн ачаа барааг хүлээж авахдаа контактгүй буюу гаднаас ирсэн хүмүүстэй огт хүрэлцэхгүй, ойр харилцахгүй байхаар зохион байгуулж байгаа юм.

Тонга улсын нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын хөөрөх, газардах зурвас галт уулын дэлбэрэлтийн дараа зузаан үнс нурманд дарагдаад байсан тул онгоц хүрэх боломжгүй байв.

Зурвасыг цэвэрлэж дууссаны дараа Шинэ Зеланд, Австралийн эхний тусламжийн онгоцнууд Пүрэв гарагт газардсан юм.

Агаарын замаас гадна 250,000 литр цэвэр ус, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж ачсан Шинэ Зеландын тэнгисийн хөлөг өчигдөр буюу Баасан гарагт анх удаа Тонгагийн эрэгт хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters