Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Румын, Болгараас цэргээ гаргах шаардлагыг NATO-д ОХУ-ын зүгээс тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эрх баригчид Украинаар барьцаалж, өөрийн аюулгүй байдлын баталгааг АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнуудаас шаардаж байгаа.

Тэгвэл Баасан гарагт Оросын тал Румын, Болгар улсуудаас NATO-гийн цэргийг гаргах шаардлагыг нэмж тавьж байгаагаа мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл 1997 оноос хойш NATO-д элссэн улсуудаас гадаадын цэргийн хүч, зэвсэг техникийг гаргах шаардлага тавьж байгааг ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдсэн байна.

Энэ шалгуурт 2004 онд NATO-д гишүүнээр элссэн зүүн Европын Румын, Болгар улсууд багтаж байгаа юм.

Өмнө нь Москвагийн эрх баригчид 1997 оноос хойш элссэн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүний улсуудаас цэрэг гаргахыг шаардаж байв. Бас NATO-д шинээр гишүүн элсүүлэх явдлыг зогсоохыг шаардаж байгаа.

Баасан гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины асуудлаар ээлжит уулзалтаа Швейцарын Женев хотод хийсэн юм.

Шаардлагынхаа хариуг Вашингтоноос ирэх долоо хоногт бичгээр хүлээж авахаар болсноо Лавров уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Одоогоор Румын улсад АНУ-ын 1,000, Италийн 140, Польшийн цөөн тооны цэрэг тогтмол байрлаж байгаа.

Болгар улс газар нутагтаа АНУ-ын 5,000 хүртэл тооны цэргийг байрлуулах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг.

Хоёр улсын засгийн газар өчигдөр тавьсан ОХУ-ын шаардлагыг хүлээж авах боломжгүйгээ мэдэгджээ. Пүрэв гарагт Румыний эрх баригчид АНУ-ын цэргийг нэмж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

NATO-гийн хэвлэлийн төлөөлөгч Оана Лунгеску “Оросын шаардлагыг биелүүлбэл NATO-гийн гишүүдийг нэг, хоёрдугаар ангилал хуваах хэрэгтэй болно. Тиймээс үүнийг хүлээж авах боломжгүй. Бид Европ тивд нөлөөллийн бүс тогтоох гэсэн ямар ч санааг хүлээж авахгүй” гэж мэдэгджээ.

Одоогоор Балтийн тэнгисийн орнууд, Польшийн нутаг дэвсгэрт NATO-гийн 5,000 орчим цэрэг байрлаж байна. Хар тэнгисийн бүс нутагт буюу Румын, Болгар улсуудад бас хүчээ нэмэгдүүлэх талаар NATO төлөвлөж байгаа юм.

NATO-гийн гэрээний хүрээнд АНУ баллистик пуужингийн хамгаалалтын системээ Румынд байрлуулаад байна. Бас нэг ийм системийг удахгүй Польшийн нутаг дэвсгэрт угсарч дуусах юм.

 

Эх сурвалж: AFP