Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Асгатын мөнгөний ордын нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг энэ оны эхний хагаст зарлана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 22
iKon.MN
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакир  танилцуулав.

Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг

Тэрбээр "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг бөгөөд 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 оноор дуусгавар болсон байдаг. Тус ордын нөөцийг хараахан бүрэн тогтоож амжихгүйгээр хайгуулын ажил зогссон.

Байнгын хорооноос байгуулагдсан дээрх Ажлын хэсэг нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор тухайн орд байршиж буй орон нутгийн удирдлагууд болон холбогдох яамдын болон энэ талын мэргэжлийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож ажилласан" гэв. 

2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зайлшгүй шаардлагатай. Үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөцийг бүрэн тогтоох, нэмж хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зарлах, мөн тус ордын нарийвчилсан хайгуулын бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Наранбаатар нар тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллах” гэсэн саналыг нэмж тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100  хувийн саналаар дэмжив.   

Уг тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил хийж, нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах, Асгатын мөнгөний ордын нарийвчилсан хайгуулын ажлыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг тодотгож шинэчлэн тогтоох болон баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийж, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол”  ХХК хариуцан ажиллахыг Монгол Улсын Засгийн газар чиглэл болгохоор тусгахаар боллоо.