Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл “Союз Восток”-ийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протоколд гарын үсэг зурахаар тохирчээ

ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны дараагийн шатны асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой өнөөдөр цахимаар холбогдож ярилцлаа.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж тавигдах “Союз Восток” төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурахаар хэлэлцэн тохиров.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хоёр талд хүлээлгэн өгсөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах талаар хоёр тал хэлэлцлээ.

"Союз восток” байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга хийх бөгөөд энэ үеэр "Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах болсон тухай В.А.Маркелов дарга дуулгасан юм.

 

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба