Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Хүрэлбаатар: Оюутнуудын маань чадвар дэлхийн хөгжилтэй орны залуусынхаас хоцрохгүй гэдгийг Робокон тэмцээнээс харсан

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас авав

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Ц.Хүрэлбаатар багштай ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг дэд байр эзэлсэн билээ.

Өнөөдөр тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан баяр хүргэсэн бөгөөд ШУТИС-МХТС-ийн дэд профессор, доктор Ц.Хүрэлбаатар багш хүндэтгэх шалтгааны улмаас уулзалтад очиж чадаагүй байна.

Иймд бид түүнээс тэмцээнд багаа бэлдэхэд ямар нөхцөл байдалтай нүүр тулсан талаар товч ярилцлаа. 

- “ABU Robocon-2021” тэмцээнд оролцох болсон түүхээсээ товч хуваалцахгүй юу? 

-  2019 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ хамтран Монголд анх удаа “ABU Robocon-2019” олон улсын тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээн тухайн жилд болсон улсаас хоёр баг харин бусад улсаас нэг баг оролцдог юм. Тэр утгаараа манайхаас хоёр баг улсаа төлөөлж оролцоод нэг баг нь шилдэг наймд, нэг баг нь хоёрт орсон. Энэ нь 18 жилийн хугацаан дахь түүхэн амжилт үзүүлсэн явдал байлаа.

2020 онд тэмцээн цар тахлын улмаас зохион байгуулагдах боломжгүй болж, багууд хийсэн бүтээлээ онлайнаар танилцуулаад шүүгчид бүтээлийг шалгаруулсан.

2021 оны хувьд ихэнх багууд бодитоор явуулах санал хэдий ч цар тахал хумигдаагүйн улмаас БНХАУ-д цахимаар зохион байгуулагдахаар болсон. Манай баг анхнаасаа цахимаар болно гэсэн бодолтойгоор аравдугаар сараас бэлтгэлээ эхлүүлсэн байсан юм. Бусад орнуудын хувьд бодитоор болно гээд бэлдчихсэн байсан юм билээ.

- Цахимаар гэж бодоод бэлтгэлээ эхлүүлсэн гэлээ. Хэрхэн бэлтгэлээ хийж байсан бэ?

- Бид олон шалгуурыг давсан. Цар тахлаас болж энд тэнд каринтилагдаад цахимаар хүүхдүүдтэйгээ холбогдож, дүрмээ боловсруулан, роботын загвараа гаргасан. Хүүхдүүдийн ихэнх нь хөдөө орон нутгийнх болохоор ирэх боломж байгаагүй. Хэд хэдэн удаагийн каринтинд байсан ч бид тавьсан зорилгоо биелүүлж, үр дүнд хүрсэндээ баяртай байна.

- Бэлтгэлийн үед хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?

- Хил гааль хаалттай учраас материал олдохгүй байсан. Дээрээс нь Монголд байгаа бүтээгдэхүүнүүдийн зарим нь дуусчихсан, зарим нь үнэтэй болсон тул хуучин материалуудаа ашигласан. Монголд байгаа энэ төрлийн үйлчилгээ явуулдаг газруудтай холбогдож, нөөц материалуудаас нь ашигласан байх жишээтэй. Урдаас захиж амжсан нь удаан хугацааны дараа ч гэсэн ирсэн. Бид зургаа сайн гарсан байсан болохоор харьцангуй бага зардал гарсан.

- Манай улсын баг тамирчид Робокон тэмцээнд амжилтай оролцсон нь салбарынханд их итгэл найдвар төрүүлсэн үйл явдал болсон. Та энэ салбарын ирээдүйг хэрхэн харж байгаа бол?

- Робокон тэмцээн нь хүүхдүүд нэг баг болоод бодитоор юмыг хийж бүтээдэг онцлогтой. Онолоо практик болгох, багаар ажиллах, сэтгэл зүйгээ бэлдэхээс авхуулаад олон давуу талтай. Оюутнуудын маань чадвар дэлхийн аль ч хөгжилтэй орнуудын чадвараас хоцрохгүй гэдгийг Робокон тэмцээнээс гадна IT-гийн чиглэлд гарч ирж буй мундаг залуучуудаас харагдаж байна. Монголын технологийн салбарын хөгжилд энэ залуусын хувь нэмэр цаашид их байна гэдэгт итгэдэг.