Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд, залуучуудад хичээл заалаа

ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Г.Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад өнөөдөр (2022.01.21) “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа.

Ерөнхийлөгчийн 2015 оны Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан.

Уг зарлигийн дагуу болон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ийнхүү хүүхэд, залуучуудад нээлттэй хичээл заасан юм.

Үндсэн хуулийн өдөр жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тохиодог бөгөөд энэ өдрийг хэдхэн хоногийн өмнө нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

УИХ-ын дарга хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудад Үндсэн хуулийн 30 жилийн ойн мэнд хүргээд, “Ковид” цар тахлаас шалтгаалан цомхон хүрээнд хичээл зааж буйгаа дурдлаа.

Үндсэн хуулийн мэдлэг олгох, ач холбогдлыг нь нийтээрээ мэдэж, сахин мөрдөх нь ямар чухал ач холбогдолтойг нийт ард иргэд, тэр дундаа хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхийг зорьж буйгаа тэмдэглэсэн юм.

Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн талаарх зарим сонирхолтой баримтаар хичээлээ эхлэв. Дэлхийн анхны бичмэл Үндсэн хууль 1787 онд батлагдсан АНУ-ын Үндсэн хууль бөгөөд уг хуулийг таван минутад багтаан уншиж болохоор бол Энэтхэгийн Үндсэн хууль дэлхийн хамгийн дэлгэрэнгүй Үндсэн хууль бөгөөд 500 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиуд адилхан биш шиг Монгол Улсын Үндсэн хууль ч өөрийн гэсэн онцлогтой, хууль Үндсэн хууль болохыг сонирхууллаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулиуд бичигдэж ирсэн түүх, хууль бүрийн онцлог, мөн чанарын талаар ярьж, хичээлийнхээ гол агуулгыг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд чиглүүлсэн.

Хичээлийнхээ үеэр Mon-nom аппликэйшнд Монгол Улсын Үндсэн хуулийг сонсох хувилбараар оруулсныг дурдаад Үндсэн хуулиа технологийн дэвшил ашиглан танин мэдэх боломжтойг мөн тэмдэглэв.

Хичээл төгсгөл хэсэгт хүүхдүүд болон залуучууд УИХ-ын даргаас асуулт асуун, хариулт авч, санал бодлоо хуваалцлаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс