Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Майами-Лондон чиглэлийн нислэгийн нэг зорчигч амны хаалт зүүхээс татгалзсан тул онгоц замаасаа буцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Майами хотоос Их Британийн нийслэл Лондон хотын чиглэлд ниссэн онгоц нэг зорчигчийн зөрүүд зангаас болоод буцаж газарджээ.

American Airlines компанийн AAL38 нислэгийн зорчигч болох 40 гаруй насны эмэгтэй амны хаалт зүүхээс татгалзсан тул онгоц Умард Каролинагийн эргээс 800 орчим километрийн зайд хүрээд байхдаа буцаж ниссэн байна.

АНУ-ын холбооны засгийн газраас гаргасан журмын дагуу нисэх онгоцонд зорчиж яваа бүх хүн нислэгийн турш амны хаалт зүүх ёстой.

Онгоцонд нийт 129 зорчигч явсан байна. Онгоцыг газардсаны дараа хууль сахиулах байгууллагын ажилтнууд эмэгтэйг дагуулж явжээ.

Цар тахалтай холбоотой хорио цээрийн журмаас үүдэлтэй онгоцны зорчигчдын дунд нисэх багийн ажилтнуудтай зөрчилдөх, маргах явдал сүүлийн жил гаруй хугацаанд огцом нэмэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Америкийн агаарын тээврийн салбарт иймэрхүү явдал өдөрт дунджаар 16 удаа гарч байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

АНУ-ын Холбооны Нислэгийг Удирдах Газрын тоо баримтад өгүүлснээр өнгөрсөн онд зорчигч нисэх онгоцонд явахдаа журам зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан 5,981 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээрийн 4,290 нь амны хаалттай холбоотой зөрчил байсан гэнэ.

Шинэ он гараад ердөө 20 хонож байхад 151 зөрчил гарсны 90 нь амны хаалттай холбоотой байжээ.

Гэхдээ энэ тоо нь 2021 оны эхний үетэй харьцуулахад бараг тал хувиар буурсан үзүүлэлт юм байна.

 

Эх сурвалж: The Guardian