Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

2022 онд төгрөг тогтвортой байх гол нөхцөлүүд бүрджээ

Өдрийн сонин
2022 оны 1 сарын 20
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлаас үүдэн 2021 онд эдийн засагт олон сорилт тулгарсан ч төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байлаа. Тухайлбал өнгөрсөн онд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 0.55 төгрөгөөр буюу 0.02 хувиар чангарчээ. Төгрөг ийнхүү тогтвортой байхад хөл хорионоос үүдэж эдийн засгийн идэвхжил сул байсан, төв банкнаас хэлбэлзэл үүсгэхгүй байх тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байсан нь чухал үр нөлөөтэй байсныг шинжээчид онцолж буй.

Тэгвэл энэ онд төгрөг мөн тогтвортой байх төлөвтэй байна. Гадаад, дотоодын эдийн засгийг харвал доорх 5 хүчин зүйл төгрөгийн тогтвортой байдалд голлон нөлөөлнө.

Оюу толгойн хэлэлцээний хүрээн дэх “амжилт”

Засгийн газар Рио Тинтотой ойлголцсоноор гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг бүрдүүлдэг Оюу толгой төслийн үйл ажиллагаа харьцангуй тогтвортой байх хүлээлт үүслээ. Оюу толгой төслөөс жилдээ 1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт ордог бөгөөд энэ нь валютын орох урсгалд жинтэй нөлөө үзүүлдэг.

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталсан нь гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг хугацаа алдалгүй эхлүүлэх боломж олгож байгаа нь дотоодын валютын зах зээлийн төлөвт эерэг юм.

Түүхий эдийн үнийн эерэг төлөв

Дэлхий даяар хөл хорио суларч, эдийн засгийн үйл ажиллагаа сэргэсэн ч нийлүүлэлтийн сүлжээний доголдол бүрэн арилаагүй байгаа нь түүхий эдийн үнэ өсөх хүчин зүйл болж байна. Тиймээс ойрын хугацаанд манай экспортын гол түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа нь гадаад худалдааны нөхцөлд эерэг хүлээлт үүсгэж, экспортын орлогыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байна.

Олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ

 

Том дүнтэй бондуудын эргэн төлөлтийн дарамтгүй жил

Томоохон дүнтэй гадаад өр төлбөрүүд нь төгрөгийн ханшид дарамт болдог. Тэгвэл ойрын 2 жилдээ буюу 2023 он хүртэлх өрийн дарамт байхгүй нь төгрөгийн ханшийн төлөв эерэг байхад нөлөөлөхөөр байна.

Тухайлбал Засгийн газар 2022 ба 2023 онд төлөгдөхөөр хүлээгдэж байсан Чингис, Гэрэгэ бондуудыг Century төслийн хүрээнд хэсэгчлэн дахин санхүүжүүлсэн. Тухайлбал $1 тэрбумын дүнтэй хоёр бондыг 3.5-4.45 хувь буюу түүхэн доод түвшний хүүтэйгээр гаргаж чадсан юм. Энэ нь цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлж буй үед гадаад төлбөрийн чадвар, валютын урсгалд дэмжлэг болоод зогсохгүй гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй гэж шинжээчид дүгнэж байгаа.

Дотоодын хөрөнгийн зах зээл дэх боломжууд

2021 онд дотоодын  хөрөнгийн зах зээл өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхлыг өсгөж гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон дохио боллоо.

МХБ-ийн ТОП-20 индексийн үзүүлэлт 2021 оны 12 сарын байдлаар 130% буюу даруй 2.3 дахин өссөн дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлүүдийн нэг болсон бөгөөд тус явдлыг олон улсын голлох санхүүгийн зах зээлийн мэдээллийн хэрэгслүүд болох Bloomberg, Nikkei Asia зэрэг онцлоод байна.

Тэгвэл ирэх онд энэ төлөв хадгалагдах магадлал өндөр. Учир нь Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2022 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд системийн нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани хэлбэрт шилжихээр хүлээгдэж буй. Энэ нь 2022 онд МХБ-ийн өндөр өсөлт хэвээр хадгалагдан үлдэхэд гол нөлөөг үзүүлэх хүлээлт үүсгээд байна.

Гадаад валютын нөөцийн хүрэлцээт түвшин

Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.3 тэрбум ам.доллар буюу 8.9 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байна. Валютын нөөц хүрэлцээтэй хэмжээнд байгаа нь төгрөгийн ханш богино хугацаанд огцом савлахгүй байх гол баталгаа юм.

 

Зураг