Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Францын шампайн дарс үйлдвэрлэгчдийн орлого 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр дэлхийн олон оронд хорио цээрийн дэглэм үйлчилж, баар ресторануудын үйл ажиллагаа хязгаарлагдсан байсан ч 2021 онд борлуулалтын хэмжээ нь дээд хэмжээнд хүрснийг Францын шампайн дарс үйлдвэрлэгчид мэдээлжээ.

2021 онд нийт 5.5 тэрбум еврогийн үнэ бүхий 322 сая лонх дарс зарсан нь өмнөх оноосоо 32 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

2020 онд цар тахлын улмаас дэлхий даяар шампайн дарсны борлуулалт 20 хувиар унаад байжээ.

Үүнээс 142 сая лонх нь Францын дотоодын зах зээлд борлуулагдаж, өмнөх оноосоо 25 хувиар өссөн байна. Харин экспортын хэмжээ нь 180 сая лонх болсны ихэнх нь англи хэлтэй улс орнуудын зах зээлд оногдсон тухай Comité Champagne дарс үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлжээ.

Аялал зугаалга, найр наадам бага үед хүмүүс сэтгэл санаагаа сэргээх зорилгоор шампайн дарсыг гэртээ хэрэглэх явдал нэмэгдсэн нь борлуулалтад нөлөөлсөн гэж тус байгууллага дүгнэсэн байна.

Өнгөрсөн жилийн цаг уурын нөхцөл байдал ургацын гарцад сөргөөр нөлөөлсөн ч Францын үйлдвэрлэгчид олон сая лонх дарсыг жил дамнан нөөцөлдөг уламжлалтай тул зах зээлийн өндөр эрэлтийг хангаж чаджээ.

 

Эх сурвалж: AFP