Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бус мөрийтэй тоглоомд ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, зохион байгуулсан этгээдүүдийг шалгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN

 

 
Зургийн эх сурвалж: ЦЕГ

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг шалгаж байна.

Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй  37 настай, эрэгтэй Б нь 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр нэр бүхий найман иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй  39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 7 дугаар байранд Т” гэгч нь 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр нэр бүхий дөрвөн иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт есөн удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан аж.

Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад валют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай болсон юм.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:

  1. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.