Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд гарсан үймээний дараа Назарбаев анх удаа ард түмэндээ хандаж үг хэлэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын эхээр Казахстанд гарсан үймээнээс хойш тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев анх удаа ард түмэндээ хандаж үг хэлжээ.

Түүний мэдэгдлийн урьдчилж бэлдсэн дүрс бичлэгийг өчигдөр Казахстаны төв телевизийн сувгаар цацсан байна.

“Удирдлагын дээд түвшинд ямар нэг хагарал, зөрчил гараагүй. Би 2019 онд ерөнхийлөгчийн эрх мэдлээ Касым-Жомарт Токаевт шилжүүлж, тэр үеэс хойш гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа билээ” гэж Назарбаев хэлжээ.

Тэрбээр Токаевын эхлүүлсэн шинэчлэлийг дэмжихийг ард иргэддээ уриалсан байна. Мөн үймээний үеэр гадаад руу дүрвээгүй, нийслэл хотод байснаа энэ үеэр хэлжээ.

Одоо 81 настай Назарбаев 30 орчим жилийн турш тасралтгүй Казахстан улсыг удирдсан юм. 2019 онд тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалаа Токаевт шилжүүлсэн ч улс төрд нөлөөтэй хэвээр байв.

Шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтөөс эхлэлтэй үймээн самуун гарсны дараа Токаев өмнөх ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг хязгаарлаж, ойрын хүрээллийн хүмүүсийг нь өндөр албан тушаалаас зайлуулж эхэлсэн юм.

Үүний улмаас Токаев, Назарбаев нарын хооронд хагарал зөрчил үүссэн байж болзошгүй гэсэн таамаг яригдах болсон байна. Тухайлбал сүүлийн долоо хоногийн дотор Токаев тус улсын гол гол албан тушаалуудаас Назарбаевын хамаатнуудыг чөлөөлсөн юм.

Өмнө нь тэр Назарбаевын гол холбоотон Карим Массимовыг тагнуулын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, эх орноосоо урвасан хэрэгт буруутган баривчилж байв.

Өнгөрсөн долоо хоногт Токаев хэлсэн үгэндээ Казахстаны баялгийг гартаа оруулсан олигархуудтай тэмцэхээ амлаж байжээ.

“Назарбаев хэлсэн үгэндээ Токаевыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь талууд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрснийг харуулж байж болзошгүй. Токаев улс орондоо бүрэн хяналт тогтоожээ” гэж Лондонд төвтэй Prism Political Risk Management байгууллагын үүсгэн байгуулагч, улс төрийн шинжээч Кэйт Мэллинсон тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Bloomberg