Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол “Банкны Салбарын Шинэчлэл” сэдэвт хурал зохион байгууллаа

ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN

УЛААНБААТАР, Монгол Улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 1-р сарын 18-нд "Банкны Салбарын Шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хүндэт илтгэгчээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Гүйцэтгэх захирал Л.Амар, Эрнст энд Янг Монголия Аудит ХХК компанийн ахлах менежер  Б.Мөнхжин  нар оролцов. Энэхүү уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 90 гаруй зочид төлөөлөгчид оролцов.

 

Монголбанкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн банкны салбарын шинэчлэлийн тухай дэлгэрэнгүй илтгэл тавьж, статистик мэдээлэл өгсөн бөгөөд илтгэлдээ, “Монголбанк банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлж ажилласан.

Үүнд: 1) Банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, тухайлбал, банкуудыг нээлттэй болгох, 5-ээс дээш хувьцаа эзэмшигчтэй байх, 1 хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувиас хэтрэхгүй байх, 2) Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд төв банкны хяналт шалгалтад олон улсын сайн жишиг, арга аргачлал, стандартыг байнга нэвтрүүлэх, 3) Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, 4) Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, 5) Дэлхийн нийтийн жишгийн дагуу цахим хувьсгалыг санхүүгийн системд нэвтрүүлэх, тэр дундаа банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхийг шаардаж ажиллах зэрэг болно.

Энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эдгээр нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулснаар арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эергээр нөлөөлөх олон давуу талыг бий болгоно гэж үзсэн“ гэж хэлэв.

МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар арилжааны банкууд хуулийн хугацаанд буюу 2022 оны 6-р сарын 30-ны дотор багтаж, IPO-оо гаргахаар ажиллаж байгаа боловч, “бид зохих журмуудынх нь дагуу үүнд шаардагдах хугацааг тооцож үзсэн. Тухайлбал, санхүүгийн бичиг баримтаа аудитын байгууллагаар шалгуулсан байх хугацаа, хувьцаа эзэмшигчдийн хурлаар гаргасан шийдвэрийн хугацаа гэх мэт. Эдгээрийг тооцоод үзэхээр IPO гаргах бодит хугацаа нь 9-р сарын 30 гэж гарч байсан. Гэхдээ IPO гаргах явцыг хуулийн хугацаанд нийцүүлэхийн тулд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн хоёр зохицуулагч байгууллагуудтайгаа банкууд эдгээр хяналт шалгалтад тавигдах хугацааг аль болох богиносгож, харилцан ойлголцож ажиллах шаардлагатай байна. Мөн өнгөрсөн онд чанаргүй зээлийн харьцаа 12 хувь орчим байсан бөгөөд энэ жил 10 хувь болж буурчээ. Ялангуяа, эдийн засаг аажмаар сэргэж байгаа тул зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Гэхдээ ковидын хуулийг дахиад хагас жилээр сунгачихлаа, энэ хугацаанд орон сууцны зээлийн төлбөрүүд төлөгдөхгүй явагдана, түүнээс хойш төлөгдөж эхэлж мөн хүүхдийн мөнгө хязгаарлалтад орно харин энэ нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөх магадлалтай. ” гэв.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч Б.Мөнхжин хэлсэн үгэндээ, “Олон улсын хөрөнгө оруулалтын жишгээр investment grade гэж үздэг компанийн рэйтинг ядаж BBB байх хэрэгтэй байдаг. Гэтэл Монгол Улсын маань зээлжих зэрэглэл нь өөрөө B байгаа тул манай улсын ямар ч сайн банк, хуулийн этгээд энэхүү рэйтингээс өндөр рэйтингтэй байх боломжгүй. Иймээс манай стратегийн банкуудын рэйтинг B хавьцаа байдаг буюу өндөр эрсдэлтэйд ордог” гэв.

Илтгэгчид оролцогчдын 2022 оны эдийн засгийн төлөв байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал, эрсдэлүүд, болон бусад олон асуултанд дэлгэрэнгүй хариулт өгснөөр энэхүү хэлэлцүүлэг өндөрлөв. Монголбанк 2022 онд Монгол улсын эдийн засаг 5,5 хувиар, 2023 онд 5,6 хувиар өснө хэмээн тооцоолж байгаа бөгөөд 2022 оны энэхүү өсөлтөд уул уурхайн бус салбарууд дийлэнх хувь нэмрийг оруулна хэмээн үзэж байна. 


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.