Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Галсандорж: Оюутолгой жилд $30 орчим саяын тээврийн үргүй зардал гаргаж, борлуулалтын орлогыг бууруулж байгаа  

Р.Оюун, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. 

Уг хуулийг баталбал Оюутолгойн зэсийг дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах боломж бүрдэж чадах эсэхийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэлцүүлгийн үеэр асуусан юм. Мөн лабораторийн хувьд бодитой дүгнэж чадаж байгаа эсэхийг асуув.

 

Түүний асуултад Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандорж дараах хариултыг өглөө. 

"Оюутолгойн үйлдвэр есөн жил ажиллаж байна. Үйлдвэрлэл, эдийн засгийн маркетингийн бодлогыг хөрөнгө оруулагч хариуцаж байгаа. Зэсийн баяжмалыг ямар үнээр, ямар нөхцөлөөр борлуулж байгаа, ямар тээврийн зардал төлж байгаа зэрэг Экспортын гэрээ хаалттай байгаа.

Оюутолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэл тээврийн зардалд нэг тоннд 17 доллар төлж байгаа. Мөн баяжмалаа Гашуунсухайтаас Ганцмод буюу Хятадын хил дээр байгаа агуулах хүртэл 18 доллар нэмж төлж байгаа. Олон улсын худалдааны танхим, Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан дүрмээр Хятадын нутаг дээр гарч байгаа тээврийн нэмэлт зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцах ёстой. Тэгэхээр 18 ам.доллароор тооцохоор жилд 17 сая ам.долларын тээврийн нэмэлт үргүй зардал гарч байгаа. 

Түүнээс гадна экспортын гэрээг судалгаагаар харахад Ганцмодоос хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрт хүрэх тээврийн зардлын 50 хувийг "Оюу толгой" дааж байгаа. Үүнд тонн тутамд нь 40 доллар төлж байгаа. Ингээд жилд 30 орчим сая долларын үргүй зардал гаргаж, борлуулалтын орлогыг бууруулж байгаа тал байна. 

Лабораторийн хувьд Оюутолгой дээр Геологийн төв лаборатори болон Гаалийн лаборатори ажиллаж байгаа. Харамсалтай нь, Олон улсын итгэмжлэл аваагүй гэдэг үндэслэлээр "Оюу толгой" компани Австрали, Английн лабораториор шинжилгээ хийлгэдэг. Эцсийн төлбөр тооцоо хийхдээ Монголын лабораторийн шинжилгээний дүнг авахгүй, Австрали Английн лабораторийн шинжилгээний дүнгээр тооцож хийж байгаа. 

Ийм учраас Оюутолгойн зэсийн баяжмалыг Монгол Улс 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд Уул уурхайн биржээр дамжуулан борлуулах талаар ярьж байгаа юм. Ингэж чадвал экспортын орлого ихээхэн нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/aC662MB3rN/