Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батшугар: Уул уурхайн бирж дээр 99 хувь нь ирээдүйн худалдааны хэлэлцээр байдаг

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгарсан учир уг хуулийн төслийг боловсруулсан тухай сайд мэдээлэлдээ онцолсон.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэж буй аж.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэхээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой гэж сайд танилцуулав.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон.