Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвсүрэн: Ороолтоо түлсэн иргэнийг зарласан төрийн ажилтан, сэтгүүлчид эрүүгийн ч, зөрчлийн ч хариуцлага хүлээх ёстой

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2022 оны 1 сарын 18
Өдрийн сонин
Зураг зураг

“Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

- Гал алдахгүйн тулд ороолтоо түлсэн иргэний гэрт утаа их гаргаж байгаа шалтгаанаар төрийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн орж бичлэг хийж, олон нийтэд цацсан явдал анхаарлын төвд байна. Энэ үйлдэл хүний эрхийн зөрчил мөн үү?

- Бид бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал байдаг. Энэ эрхийг Үндсэн хуулийн 13 дугаар зүйл дээр иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан байгаа.

Мөн иргэний хувийн ба гэр бүлийн захидал, харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж байгаа. Орон байрны халдашгүй байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалдаг. Эрүүгийн хууль дээр олон зуун гэмт хэргийг гэмт хэрэгт тооцдог. Үүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг.

Энгийнээр хэлэхэд Үндсэн хуульд заасан иргэний эдлэх эрхүүдийг зөрчсөн зүйл заалт бүрээр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Энэ агуулгын ойлголтыг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад анх удаа оруулж өгсөн.

Холбогдох заалт нь 13.6 дугаар зүйл буюу бусдын орон гэрт хууль бусаар халдах явдлыг хуульчилж. хариуцлагад татдаг болсон гэсэн үг. Энэ үндэслэлээр шүүхээс цөөнгүй шийдвэр гарсан. Бусдыг зодохдоо орон байранд нь нэвтэрсэн, орон байрны хулгай хийсэн гэх мэтээр шүүхээс ял оногдуулж шийдвэрлэсэн тохиолдол байдаг.

Өөрөөр хэлбэл. оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орохыг шууд идэвхтэй үйлдэлд тооцчихож байгаа юм.

- Хууль бус үйлдэл гэсэн үг үү?

- Тийм. Энэ кейс дээр магадгүй тухайн иргэн орон гэртээ оруулах зөвшөөрөл өгөөгүй. Гол үйл явдал утааны асуудал байсан. Энэ асуудлыг хөндөхдөө бусдын орон гэрт зөвшөөрөлгүй орсон. Ингээд зогсохгүй дүрс бичлэг хийсэн. Угтаа бол иргэний дүрсний эрх хамгаалагдах ёстой. Германд гэхэд хувь хүний гадаад дүрсний хувьд эдлэх эрхийг хуульчилсан байдаг.Монголд энэ эрх төдийлөн хөгжөөгүй.

Гэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд гэм хор учирсан гэж үзэх юм бол шаардах эрхтэй. Тиймдээ ч телевизүүд дүрсийг бүрэлзүүлдэг шүү дээ. Гэмт хэрэгтний ч дүрсийг бүрэлзүүлдэг биз дээ. Гэтэл энэ иргэн гэмт хэрэгтэн биш.

- Тэгээд дуу, дүрсийг нь тэр чигээр нь олон нийтэд дамжуулчихсан...?

- Дээр нь хүний жам ёсны эрх буюу дулаан байх, амьд явах эрх хөндөгдөнө. Амьд явахын тулд гэртээ гал түлнэ. Магадгүй Үндсэн хуулиас өөр нийтлэг шаардлага байна. Утаагүй түлш түлэх стандартыг зөрчсөн байж болно. Гэхдээ тэдгээрийг зөрчлөө гэж үзээд энэ хүнийг олон нийтэд мэдээлж, нүүр царайг нь ил гаргаж Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдах ёсгүй.

Түүгээр зогсохгүй Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар орон байрт нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэмт хэргийн шинжтэй үйлдэл учруулсан бол энэ нь ял шийтгэл байж болно гэж байгаа юм. Нэг ёсондоо тухайн иргэний ийм олон эрх зөрчигдөж байна.

Орон байрны асуудал дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Орон байрны тодорхойлолтыг Эрүүгийн хуульд анх удаа оруулж тайлбарлаж өгсөн.

Орон байр гэдэг хүний байнгын болон түр амьдарч байгаа майхан, амралтын газрууд, зочид буудал хүртэл орж байгаа

Орон байр гэдэг хүний байнгын болон түр амьдарч байгаа майхан, амралтын газрууд, зочид буудал хүртэл орж байгаа. Харин манайд ийм соёл байдаггүй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаар болон гүйцэтгэх ажиллагаагаар зочид буудалд давхиад орчихдог, сурвалжилга хийчихдэг. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө, хууль сахиулж байгаа үйл ажиллагаа биш. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйл.

Нэгэнт Эрүүгийн хуулийг зөрчсөн тохиолдолд хүний эрхийн зөрчлийг өөгшүүлж болохгүй. Үүн дээр сануулга байж болохгүй. Ямар хариуцлага байх нь Эрүүгийн хуулинд тодорхой заачихсан. Торгох ялын шийтгэл байна, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэлүүд байна.

Дахиад энэ хууль дээр сонирхолтой нь хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн байгаа.

- Тодруулахгүй юу?

- Албан тушаалтан үйлдсэн бол гэж байгаа юм. Ингэхдээ таван жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Тэгэхээр энэ нь өөрөө яалт ч үгүй гэмт хэрэг болчхож байгаа юм.

- Сэтгүүлчдийн хувьд ч хувь хүний нууцтай холбоотой сэдвийг хөндөхдөө ёс зүйн зарчмаа зөрчив үү?

- 2015 онд хэвлэл мэдээллийн ёс зүйн 10 зарчим батлагдсан байдаг. Тус зарчмын зургаадугаар зүйлд хүний хувийн нууцад хүндэтгэлтэй хандана гэдэг. Ялангуяа 6.1-д хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.

Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгож болно гэсэн байгаа юм. Нийтийн тусын тулд гэдэгт ЦЕГ дээр эрэн сурвалжилж байгаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таниулах, болгоомжлуулах, сэрэмжлүүлэх зорилгоор нэр ус, зургийг ил болгодог.

Үнэндээ манайд хүний эрхийн мэдлэг, мэдрэмж алга

Энэ кейс бол мэдээж энэ тохиолдолд биш. Тэгэхээр тухайн кейс дээр сэтгүүлчид ёс зүйн зарчмынхаа хувьд 6.1-ийг зөрчсөн байх үндэслэлтэй. Тухайн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд тухайн редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын нэрээр гомдол гаргах боломжтой. Хэрэв алдаа гаргасан нь батлагдвал залруулах, уучлалт гуйхыг даалгана.

Дээр нь тухайн иргэний гэрт нь зөвшөөрөлгүй орсон нь бас гэмт хэргийн шинжтэй болчхож байна. Иргэн, сэтгүүлч хэн байхаас үл хамааран зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд орж болохгүй. Мөн Эрүүгийн хуулийн 13.8-д орон байрны дотор болон гадна орчны зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглодог. Үүнийг зөрчих юм бол зөрчлийн ч хариуцлага байна, гэмт хэргийн ч хариуцлага хүлээх хэрэгтэй болно.

- Төр иргэнийнхээ өмнө олон үүрэг хүлээдэг. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй мөртлөө эрхэд нь давхар давхар халдаад явчхав уу?

- Иргэнийхээ эрхийг хэрхэн зөрчсөн, ямар хариуцлага хүлээх талаар дээр ярьсан. Үнэндээ манайд хүний эрхийн мэдлэг, мэдрэмж алга.

Хоёрдугаарт, хүний хөндөгдсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа тохиолдолд гомдол мэдээлэл ирэхийг хүлээхээс гадна ХЭҮК өөрөө бие дааж шалгах ажиллагаа явуулах бололцоог Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар шинээр оруулж өгсөн.

Хаана хүний эрх зөрчигдөж байна, түүн дээр өөрийн санаачилгаар шалгалт явуулах, тухайн шалгалтаар гарсан үр дүнг мэдээлэх, шаардлагатай бол шаардлага, зөвлөмж хүргүүлэх эрх нь нээлттэй.

Комиссын шаардлагыг хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Өмнөх хуулиар бол зөвхөн зөвлөмжийн шинжтэй өгдөг байсан бол одоо биелүүлэх үүрэгтэй, биелүүлээгүй албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулиар, Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас нь халах, сахилгын шийтгэл оногдуулах боломжууд бүрдчихсэн.

Тэгэхээр хүний эрх хаана зөрчигдөж байна, түүн дээр орж ажиллах ёстой. Комиссын уриа нь "Хүний эрх, эрх чөлөөг улс орон даяар" гэж байгаа шүү дээ.

Бид бүхэн хүний эрхийг дээдэлнэ гэж яриад байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхдээ нэг анхаармаар зүйл байгаа юм. Олон нийтийн эрх нэрийдлээр утаа, ковид гэдгээр хаацайлж бусдын эрх рүү гap дүрж болохгүй. Үүний гашуун сургамж байна. Тухайлбал, иргэн Д-гийн асуудал байна. 2020 оны 11 дүгээр сард болсон үйл явдал.

Өөрөөр хэлбэл, ковидын халдвартай гэх асуудал. Иргэн Д-гийн нэр төр, алдар хүндэд халдчихсан. Гэр бүлийн мэдээлэл, хувь хүний нууц руу халдчихсан. Явсан маршрут нь тусдаа асуудал байж болно, гэхдээ олон нийтэд дэлгээд тавьчихсан. Энэ эрх 1995 оны Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдах ёстой.

Комиссын шаардлагыг хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон

Мөн дээр нь дүрс зураг, гэр бүлийнх нь зураг бүгдийг дэлгэчихсэн. Үүний улмаас миний мэдэхээр иргэн Д-гийн энэ олон эрх халдлаа гэсэн мэргэжлийн байгууллагын шаардлага гарсныг санахгүй байна.

- Ковидтой холбоотой хүний эрхийн зөрчил замбараагаа алдсан биз дээ?

- ХЭҮК хуулийн хүрээнд өнгөрсөн жил УИХ-д өргөн мэдүүлсэн 20 дахь илтгэлдээ дурдсан байж болно. Харин энэ хүний эрхийг зөрчсөний төлөө шүүх хүртэл яваагүй. Яагаад гэвэл энэ хүн учирсан хохирлоо мөнгөн дүнгээр нэхэмжлэх, гэм хор шаардах эрх нь Иргэний хуулиар нээлттэй байгаа. Энэ хүний эрхийг хууль бус үндэслэлээр хязгаарласан захиргааны байгууллага бас хариуцлага хүлээх ёстой. Энэ олон эрхийн төлөөх ажиллагаа механизмыг бид нар явуулж чадахгүй байгаад байна.

Мөн төрөөс эрхийг нь зөрчсөн үндэслэл гарах бүр дээр иргэдийн хуулийн мэдлэг, мөнгө санхүүгийн асуудлаас болж хуульч авч чаддаггүй, эрхээ хамгаалахын төлөө тэмцдэггүй. Ингэж хэлмэгддэг байдал харагдаад байгаа юм.

Одоо хүртэл үргэлжилж байгаа ковидын балаг дуусаагүй байна шүү дээ. Энэ хуулиар хүний эрхийг асар их зөрчсөн. Зөрчлийн хуулийн нэг л жишээ хэлье.

Зөрчлийн хуулийн 5.13.13 дугаар зүйл буюу гамшгийн хууль тогтоомжийг зөрчих гэдэг үндэслэлээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ бэлтгэсэн иргэдийг торгосон. 2020 онд 1,480 иргэн, хуулийн этгээдийг 500,000-5,000,000 төгрөгөөр торгосон.

Ганц хуулийн ганц зүйлийн ганцхан заалтаар 2020 онд гэхэд төр өөртөө багаар нь тооцоход 740 сая төгрөг өөртөө төвлөрүүлсэн байна. 2021 онд бол бүр илүү байсан нь ойлгомжтой.

Гэтэл Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм. хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж байгаа юм.

- Хүн орон гэртээ л халдашгүй дархан эрхтэй байдаг. Ороолтоо түлнэ үү, юугаа хийнэ үү тэр хүний эрх мөн биз?

- Тэр хүн гэртээ хүн алаад, хүчирхийлж байсан ч олон нийтэд мэдээлж, дүрсийг нь ил болгох эрхгүй. Манайх үүн дээр бас л алддаг. Улс төрийн зорилгоор, ашиг хонжооны зорилгоор. эсвэл олон нийтийн эрх ашиг нэрээр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг задруулдаг.

2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан. Хувь хүний мэдээллийг хамгаална гэдэг орон байрных ч юм уу, тухайн хүнийг таних боломжтой, ялангуяа дата өгөгдөл болох биеметр, хурууны хээ, нүүр царай, нүдний өнгө энэ бүгдийг хамгаалахаар батлагдсан хууль.

Ганц хуулийн ганц зүйлийн ганцхан заалтаар 2020 онд гэхэд төр өөртөө багаар нь тооцоход 740 сая төгрөг өөртөө төвлөрүүлсэн байна

Энэ хуулийн хэрэгжилт 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Гэхдээ бид ганц хуулиар нийгэмд байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй. Бусад хууль тогтоомж уялдаатай байх ёстой. Дахиад хууль хэрэгждэг байх ёстой. Тэр хуулийг зөрчдөг биш, биелүүлдэг албан тушаалтантай байх ёстой.

Мөн хууль биелүүлэхийг шаарддаг олон нийттэй байх ёстой. Олон нийт "Энэ хүн ороолтоо түлчихсэн. Согтуу байсан" гэж хаацайлж дэвэргэх биш. Хүний эрхийн зөрчил хаана гарч байна түүн дээр хүчтэй л дуугардаг байх ёстой. Үүнийг л олон нийтийн оролцоо гээд байгаа юм.

- Өнөөдөр иргэний гэрт дайрч ороод байцаалт авч байна, маргааш үүнээс ч дор байдлаар хүний эрхэд халдах юм биз гэсэн эмзэглэл олон нийтэд байх шиг байна. Хуульч хүний хувьд та үүн дээр юу хэлэх вэ?

- Маргааш таны гэрт ч орж болно. Таны гэрт гал түлсэн үндэслэлээр биш, таныг суултуураа бөглөрүүлсэн, түүнээс болж тухайн орон сууцны айлууд усан хангамжаа авч чадахгүйд хүрлээ гэж дайран орж болно. Төр байх албагүй. Төрийг төлөөлж байгаа эрчим хүчний газар байгууллага, эсвэл хорооны ажилтан байж болно.

Ямар ч үндэслэлээр яаж ч дайрч орж ирж магадгүй болж байна. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл энэ асуудлаар холбогдох хүмүүс дуугарахгүй байна гэдэг маргааш өөр нэг иргэн рүү дайрч орох магадлалтай. Тэгэхээр иргэн гэртээ амар амгалан байх, халдашгүй байх. хувийн орон зайтай байх эрх маш хүнд нөхцөлд байна гэсэн үг.

- Ороолт түлсэн гэх энэ богинохон бичлэгээр хүний эрхийг сахин хамгаалах ёстой субъектүүдийн байр байдал харагдлаа. Манайд ер нь хүний эрхийн нөхцөл байдал ямар болчхов оо?

- Утаа, цар тахал нэрийн дор хуулиар хориглоогүй иргэний гал түлээд амьдрахын тулд хийж байгаа идэвхтэй үйлдэл рүү дайрч ороод шүүмжилнэ гэдэг бол бид эрх ашгийн эрэмбээ буруу харж байгаатай холбоотой.

Хүн амьд явах эрхтэй. Амьд явахын тулд идэвхтэй үйлдэл хийх ёстой. Түүнийг нь төр баталгаажуулж өгсөн үү гэдэг нь эргэлзээтэй. Яагаад цаашаа ухахгүй байгаа юм бэ. Тэр хүн түлээ авах мөнгөтэй байсан уу, байхгүй болоод л ороолтоо түлж байгаа шүү дээ.

Хамгийн гол нь бидэнд хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавихад асар урт хугацаа хэрэгтэй. Үүнийг тунхаглаад лоозон болгоод, аль нэг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож, эсвэл бодлогын баримт бичиг болгоод урагш явахгүй. Хүний эрхийг баталгаатай эдлүүлдэг төртэй болох ёстой, хүний эрхийг зөрчдөггүй хууль сахиулагч албан тушаалтантай байх ёстой. Хүний эрхийн мэдлэг, мэдрэмж өндөр ард түмэнтэй байх ёстой.

Зураг