Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин хотын захиргаа гадаадаас бараа захиалахаа зогсоохыг иргэдэд зөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

Халдвар тээгч нь ойрын хугацаанд гадаадад аялж байгаагүй тус хотын оршин суугч эмэгтэй байсан юм.

Бээжин хотын эрх баригчид халдварын эх үүсвэрийг мөрдөн шалгаад гадаадаас хүлээж авсан илгээмжээр вирус дамжсан байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.

Тухайлбал халдвар тээгч эмэгтэйн Канадаас хүлээж авсан захидлын гадарга дээрээс вирусийн ул мөр илрүүлсэн тухай Бээжин хотын эрүүл мэндийн газрын төлөөлөгч Пан Шинхуо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Тиймээс гадаад орноос ачаа бараа захиалахгүй байхыг иргэдэд уриалсан байна. Хэрвээ гадаадаас илгээмж хүлээж авсан бол бээлий өмсөж байгаад гадаа орчинд задлахыг зөвлөжээ. Одоогоор Бээжин хотод Омикрон хувилбараар халдварласан тохиолдол нэмж илрээгүйг албаныхан мэдээлсэн байна.

Хоёр долоо хоног гаруй хугацааны дараа тус хотод өвлийн олимпын наадам эхлэх гэж байгаа.

Олимпын наадмын үеэр коронавирусийн халдвар тараахгүйн тулд Хятадын эрх баригчид халдвар дэгдсэн хэд хэдэн хотыг гадаад ертөнцөөс тусгаарлаж, иргэдийн дотоод урсгалыг хязгаарлаж, хилийн хяналтаа чангатгаад байна.

 

Эх сурвалж: BBC