Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Визээ цуцлуулсан Сербийн теннисчин Новак Жокович тэмцээнд оролцож чадалгүй Австралиас буцлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

10 хоног орчим үргэлжилсэн визний маргаан өндөрлөсний дараа дэлхийн теннисний од, Сербийн тамирчин Новак Жокович өчигдөр Австралиас явжээ.

Тэрбээр Australian Open тэмцээнд цолоо хамгаалахаар Австралид ирсэн ч тус улсын засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй Жоковичийг хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсан юм.

Эхлээд тэр Австралийн Теннисний Холбоо, тэмцээнийг зохион байгуулагч Викториа мужийн засаг захиргааны батлан даалтаар Австралид тусгай эрхээр нэвтрэх гэж байжээ.

Жокович өнгөрсөн оны арванхоёрдугаар сард коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тул вакцинжуулалтад хамрагдаагүй байсан юм.

Гэвч нэгдүгээр сарын 5-ны өдөр Австралид ирэхэд нь хилийнхэн түүнийг цар тахлын үеийн дүрэм журмын шаардлага хангахгүй гэж үзээд визийг нь цуцалжээ.

Шүүх түүний гомдлыг хүлээж аваад визийг нь сэргээсэн ч Австралийн засгийн газар Баасан гарагт дахин түүний визийг цуцалсан байна.

Жоковичийг тойрсон маргаан Австралийн улс төрчдийг төдийгүй, олон нийтийг хагаралдуулаад байсан юм.

Бас Серби, Австрали хоёр улсын харилцаанд ч нөлөөлсөн байна.

Хэдийгээр теннисний од маань вакциныг эсэргүүцэгч биш боловч Австралийн вакцин эсэргүүцэгчид Жоковичийг хилээр нэвтрүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн нь эрх баригчдыг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич “Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлөөр Австралид очсон Жоковичтой тэд 10 хоног хүндэтгэлгүй харьцлаа. Яагаад ингэх болов? Түүнийг ялгаварлан гадуурхав уу? Үүнийг ойлгоход тун хэцүү байна” гэж Австралийн засгийн газрыг шүүмжилжээ.

Хэрвээ Жокович энэ удаагийн тэмцээнд оролцсон бол Их Дуулгын 21 дэх цомоо хүртэж, түүхэнд бичигдэх боломжтой байв. Одоо түүнийг дэлхийд 150 дугаарт эрэмбэлэгдэж байгаа Италийн Салваторе Карузо нөхөж тоглохоор болж байна.

Австралийн засгийн газрын шийдвэрт “маш их сэтгэл дундуур үлдсэн” Жокович өчигдөр Дубай хот руу нисжээ.

Тэрбээр хэсэг хугацаанд амарч, биеэ сэргээсний дараа цаашид яах тухайгаа шийдэхээ сэтгүүлчдэд хэлсэн байна.

Эрэгтэйчүүдийн теннисний дэлхийн холбоо ATP энэхүү үйл явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Австралиас албадлагаар гарсан хүн тодорхой хүндэтгэх шалтгаангүй бол гурван жилийн хугацаанд дахин ирэх боломжгүй болдог. Энэ хууль Жоковичийн хувьд хэрхэн үйлчлэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: BBC