Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Индонез оюутны сэлфи зургууд NFT платформд $1 саяар зарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Индонезын жирийн оюутан залуугийн сэлфи зургуудын цуглуулга NFT (Non-Fungible Token) платформд $1 сая давсан үнээр зарагдаж дуулиан тариад байна.

Семаранг хотын их сургуульд компьютерын мэргэжлээр суралцдаг 22 настай Султан Густаф Аль Гозали сүүлийн таван жилийн турш бараг өдөр бүр компьютерынхаа өмнө сууж байгаад сэлфи зураг авдаг байжээ.

Тэрбээр авсан 1,000 орчим сэлфигээ их сургууль төгссөн өдрөө нэгтгэж, “time lapse video“ бүтээх зорилготой байсан гэнэ.

Харин саяхан тэр блокчэйн технологийн талаар судалж байгаад авсан гэрэл зургуудаа OpenSea NFT платформд “Ghozali Everyday” нэрээр байрлуулахаар шийджээ.

“Хэн нэгэн миний нүүрний зургийг цуглуулгадаа нэмбэл хөгжилтэй юм даа гэж би бодож байсан. Би сэлфигээ $3-оор л үнэлсэн юм” гэж Гозали ярьсан байна.

Гэтэл санаанд оромгүй явдал болж, зургуудынх нь эрэлт тасралтгүй нэмэгдсээр Баасан гарагийн байдлаар нийт борлуулалтын орлого нь 317 этериум ( $1 сая гаруй) хүрчээ.

“Өнөөдөр би 230 гаруй сэлфигээ зарлаа. Миний NFT зургуудыг та нар яагаад худалдаж аваад байгааг би одоо болтол ойлгохгүй байна. Гэхдээ таван жилийн хөдөлмөрийг минь үр дүнд хүргэсэн та бүхэнд би баярлаж байна” гэж Гозали өнгөрсөн Мягмар гарагт твиттер хуудсандаа бичсэн байна.

Хэзээ нэг цагт өөрийн энимэйшн студийг байгуулах мөрөөдөлтэй Гозали олсон мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулж, сургуулиа төгсөх хүртэл сэлфи зургуудаа үргэлжлүүлэн авсаар байх төлөвлөгөөтэй гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press