Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон оршуулгын өмнөх өдөр ажлын байранд нь гарсан архидалтын төлөө хатан хаанаас уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Хатан хаан Элизабет талийгаач нөхрийнхөө оршуулгын үеэр

Өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон талийгаач нөхрийнх нь оршуулгын өмнөх өдөр ажлын байранд найр наадам зохион байгуулсан ажилтнуудынхаа төлөө хатан хаан Элизабетаас уучлал гуйжээ.

Уг хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ерөнхий сайдын ажлын байр болох Даунинг стритэд гарсныг тус улсын The Daily Telegraph сонинд мэдээлсэн юм.

Энэ өдрийн маргааш нь хатан хаантай 73 жил хамт амьдарсан хунтайж Филипийг сүүлчийн замд нь үдэх ёслол зохион байгуулагдаж байжээ.

Тухайн үед ерөнхий сайд Жонсон ажлын байрандаа байгаагүй, Чекэрс дэхь хувийн эдлэндээ байсныг хэвлэлийн төлөөлөгч нь баталсан байна. Засгийн газрын ажилтнууд Даунинг стритийн ойролцоох дэлгүүрээс олон шил архи дарс авч наргихдаа ерөнхий сайдын албан өргөөний хивсэн дээр дарс асгаж, зарим эд зүйлсийг эвдсэн нь ил болжээ.

Улс оронд нь эмгэнэл гашуудал тохиолдоод байх үед, бас цар тахлын хорио цээрийн дэглэм хэрэгжиж байх үед засгийн газрын ажилтнууд ажлын байрандаа ууж, наргисан нь британичуудыг бухимдуулж, Борис Жонсоныг огцрохыг шаардаж эхлээд байгаа.

Тухайн үед жирийн иргэд дотоод орчинд олноороо цугларах хориотой байжээ. Хатан хаан хунтайж Филипийн оршуулгад оролцохдоо Уиндсорын шилтгээнд хажуудаа хүнгүй ганцаар сууж байсан нь тухайн үед хэвлэлүүдийн дуранд өртөж байв.

Энэ нь хүн хоорондын зай барих дэглэмийг чанд сахисан үйлдэл байжээ.

Сүүлийн үед Борис Жонсоны танхимтай холбоотой хорио цээрийн дэглэм зөрчсөн дуулианууд дараалан ил болж, ерөнхий сайдын суудлыг ганхуулаад байна. Гэхдээ тэр албан тушаалаасаа огцрох сөрөг хүчний шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг парламент хэлэлцэхийн тулд эрх баригч консерватив намын 360 гишүүний ядаж 54 нь намынхаа “1922 Committee” хороонд намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар захидал илгээх ёстой.

Одоогоор тус хороо 30 захидал хүлээж аваад байгааг The Telegraph сонин өчигдөр мэдээлжээ.

Борис Жонсоны хувьд ерөнхий сайдын суудалд сууснаас нь хойших хамгийн хүнд цаг үе тохиож байна. Цар тахлын шинэ давлагаа, инфляцын өсөлт, эрчим хүчний хямрал, ирэх тавдугаар сард болох орон нутгийн сонгууль зэрэг олон сорилт давхцаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters