Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын хакерууд 2021 онд $400 саяын дүнтэй криптовалют хулгайлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2021 онд Умард Солонгосын хакерууд криптовалютын платформуудад нийт долоон удаагийн халдлага зохион байгуулсны үр дүнд $400 саятай тэнцэх дижитал хөрөнгө хулгайлсныг өчигдөр нийтлэгдсэн блокчэйн технологийн судалгааны Chainalysis компанийн тайланд өгүүлжээ.

“2020-2021 оны хооронд Умард Солонгостой холбоотой кибер халдлагын тоо дөрвөөс долоо болон нэмэгдэж, хулгайлсан хөрөнгийн хэмжээ нь 40 хувиар өсжээ” гэж уг тайланд бичсэн байна.

Пёньяны эрх баригчдыг ийм аргаар олж авсан хөрөнгөөр цөмийн  зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлдэг гэж Умард Солонгосын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянадаг НҮБ-ын мэргэжилтнүүдийн зөвлөл буруутгадаг.

Өнгөрсөн онд АНУ-ын шүүх Умард Солонгосын тагнуулын албанд ажилладаг гурван программ зохиогчид эчнээ ял оноож байсан юм.

Тэд олон жилийн турш банк санхүүгийн байгууллагуудаас эхлээд Холливүүдийн студиүдэд хүртэл олон байгууллагад халдаж, нийтдээ $1.3 тэрбумыг бэлэн мөнгө болон криптовалют хэлбэрээр хулгайлахад оролцсон хэмээн буруутгагдаж байжээ.

Өнгөрсөн онд Умард Солонгосын зүгээс гарсан ихэнх халдлагыг Lazarus Group хэмээх хакерын бүлэглэл үйлдсэн тухай Chainalysis-ийн тайланд дурдсан байна. Уг бүлэглэл нь Умард Солонгосын тагнуулын төв байгууллагын мэдэлд байдаг гэсэн мэдээлэл бий.

Тус бүлэглэл 2014 онд Sony Pictures Entertainment компанийн сүлжээнд нэвтэрч байснаас гадна “WannaCry” халдлагаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудын их хэмжээний дансыг барьцаалж байжээ.

 

Эх сурвалж: Reuters