Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эсрэг үзэлтэй гэгддэг Казахстаны шинэ сайд ОХУ-тай хамтарч ажиллахаа илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Аскар Умаров

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн долоо хоногт болсон иргэдийн бослого тэмцлийг намжсаны дараа энэ долоо хоногийн эхээр засгийн газрын шинэ танхимаа зарласан билээ.

Шинэ танхимын мэдээллийн яамны сайдын албан тушаалд Оросын эсрэг үзэлтэйгээрээ алдартай Аскар Умаровыг томилсон нь ОХУ-д нэлээд дуулиан дэгдээсэн юм.

Тэрбээр өмнө нь Казинформ агентлагийн тэргүүнээр ажиллаж байв. Умаров TurkMedia нэрээр блог хөтөлдөг байхдаа Оросын эсрэг үзлийг сурталчилж, Турк улстай интеграцид орох санааны талаар бичдэг байжээ.

Умаров тэр үед Казахстан дахь оросуудыг уусгах хэрэгтэй тухай бичиж, Эх орны дайныг “бусдын дайн” хэмээн нэрлэж, Омск, Оренбургийг багтаасан “Их Казахстан”-ы газрын зургийг тарааж байсан гэдэг.

“Бүгдээрээ ямар учиртай нь мэдэгдэхгүй ялалтын баярыг тэмдэглэн архи ууж байхад бид бусдын дайнд яваад эргэж ирээгүй өвөг дээдсээ санан дурсах ёстой юм” гэж тэр бичиж байжээ.

Умаровын томилгооны тухай мэдээ тарсны дараа ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны Россотрудничество байгууллагын тэргүүн Евгений Примаков шинэ сайдтай ямар нэг хэлбэрээр хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл Умаров фэйсбүүк хуудсандаа гаргасан мэдэгдэлд өөрийнх нь талаар тарсан сөрөг мэдээллийг няцаажээ.

“Хэвлэлүүд намайг муугаар харуулахыг хичээж байгаад харамсаж байна. Би тэдний тодорхойлж байгаа шиг хүн биш. Би өмнөх бүх албан тушаалуудад ажиллаж байхдаа Орос болон бусад түншүүдтэйгээ үр ашигтай хамтран ажиллахыг хичээдэг байсан. Хэд хэдэн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж байлаа. Манай улсад ОХУ-ын зүгээс үзүүлсээр ирсэн тусламж дэмжлэгт талархаж, хүндэтгэлтэй ханддаг. Улс үндэстнүүдийн найрамдал, Казахстаны ард түмний эв нэгдэл, хөрш орнуудын ах дүүгийн харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллахаа би дахин илэрхийлж байна” гэж Умаров мэдэгдэлдээ бичжээ.

 

Эх сурвалж: lenta.ru