Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг сумын ИХ-ын дарга эсэргүүцэж, БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг явуулна гэж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Монгол бол нэгдмэл улс. Тиймээс УИХ, Засгийн газраар хэлэлцэн дэмжигдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг сумын иргэдийн хурлын дарга эсэргүүцэж, тогтоол гаргаж, БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг явуулна гээд ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Манай улс эрчим хүчний арвин нөөцтэй, түүнийгээ ашиглах ёстой. Бид гаднаас эрчим хүчний хараат байх ёсгүй. Энэ үндсэн дээр УИХ-аас тогтоол гаргасан. УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа нөхдөд төрийн төмөр нүүрийг харуулах ёстой. Энэ ажлыг зохион байгуулж, санхүүжүүлж байгаа хүмүүсийг тагнуулын байгууллага илрүүлэх ёстой.

Иргэд эсэргүүцэж болно. Үүнийг ойлгож байна. Энэ бол тэдний эрх. Тухайн орон нутгийн иргэдэд 9.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл орон нутгийн удирдлагууд гурван сая төгрөг өгнө гээд зогсож байна.  Тиймээс 9.7 тэрбум төгрөгийг иргэдэд бүрэн хүргэх ажлын Засгийн газар зохион байгуулах шаардлагатай байна.

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнууд нь бодлого шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргаад явж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал" гэв.