Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын хаан арьс өнгөний үзлийг илэрхийлсэн зурагтай алтан сүйх тэрэгнээсээ татгалзлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Бөөрөн дээрээ арьс өнгөний үзлийг илэрхийлсэн колоничлолын үеийн зураг бүхий алтан сүйх тэрэг нь өнөөдрийн нийгэмд шаардлага хангахгүй болсон тул ашиглалтаас гаргаж байгаагаа Нидерландын хаан Уиллем-Александер өчигдөр зарлажээ.

“Бид өнгөрсөн түүхээ шинээр бичиж чадахгүй. Гэвч бид өнөөдөр хамтдаа эвлэрлийн замыг сонгох боломжтой” гэж хаан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Алтан сүйх тэрэг нь Нидерландын хаант засаглалын чухал бэлгэдэл болдог ч тус улсын колоничлолын 200 жилийн түүхийг өгүүлдэг нь хүмүүсийн дунд маргаан үүсгэдэг байв.

Сүйх тэрэгний нэг талд “Колониудаас үзүүлсэн хүндэтгэл” гэсэн нэртэй зураг байдаг. Уг зураг дээр хаан ширээнд суусан цагаан арьст эмэгтэйд хар арьстнууд өргөл барьц өгч байгааг дүрсэлжээ.

 

Сүйх тэрэгтэй холбоотой маргаан Нидерландад олон жил үргэлжилсэн юм.

Уламжлал ёсоор тус улсын хаан, хатан хоёр жил бүрийн есдүгээр сард парламентын чуулганыг нээлтэд оролцохдоо уг сүйхийг ашигладаг байжээ.

Гэхдээ 2015 оноос хойш ингэж ашиглаагүй байгаа юм. Учир нь алтан сүйх тэрэг 125 жилийн дараа их засварт орсон юм байна.

Засвар, сэргээлтийн ажил дууссаны сүйхийг Амстердамын музейд байрлуулж, зургаан сарын турш олон нийтэд үзүүлжээ.

Алтан сүйхийг 1898 онд Амстердам хотын захиргаа хатан хаан Уилхелминад бэлэглэж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press