Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд хүмүүс сэрүүн байх хугацааныхаа гуравны нэгийг гар утасны дэлгэц шагайж өнгөрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хүмүүсийн гар утасны хэрэглээг судалдаг App Annie компани жил тутам гаргадаг “The State of Mobile” тайлангаа саяхан танилцуулжээ.

Уг тайланд өгүүлснээр 2021 онд хүмүүс хоногийн дунджаар 4.8 цагийг гар утасныхаа дэлгэцийг шагайж өнгөрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл унтаагүй сэрүүн байх хугацааныхаа гуравны нэгийг гар утас хэрэглэж өнгөрүүлжээ.

Өнгөрсөн онд дэлхий даяар хүмүүс нийт 230 тэрбум удаа гар утсандаа аппликэйшн татаж, суулгасан байна.

Үүнээс гадна $170 тэрбумыг аппликэйшн худалдаж авахад зарцуулжээ. Аппликэйшнуудаас TikTok хамгийн олон удаа татагдаж, 2020 онтой харьцуулахад ашиглах дундаж хугацаа нь 90 хувиар өссөн байна.

“Том дэлгэцийн хэрэглээ алгуурхан уруудаж, зарцуулах хугацаа, мөнгө, татан авалт гээд бараг бүх үзүүлэлтээр мобайл хэрэглээ тасралтгүй өссөөр байгаа нь харагдлаа” гэж App Annie компанийн гүйцэтгэх захирал Теодор Кранц мэдэгджээ.

Тус компанийн тооцоолсноор энэ оны хоёрдугаар хагаст TikTok аппликэйшний сар тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо 1.5 тэрбумыг давах гэнэ.

Хоногт зөвхөн аппликэйшн хэрэглэх цаг дунджаар 4 цаг, 48 минут байсан нь 2019 оны үзүүлэлтээс 30 хувь өссөн байна.

Үүнийг АНУ, Япон, Мексик, Сингапур, Канад, Энэтхэг, Турк зэрэг 10 улсын дунджаар тооцоолж гаргажээ.

Харин Бразил, Индонез, Өмнөд Солонгосын хэрэглэгчид өдөрт дунджаар 5-аас илүү цаг хэрэглэсэн байна.

Энэ хугацааны 10 минут тутмын 7 нь сошиал, фото, видео аппликэйшнуудад зарцуулагдсанаас TikTok тэргүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC