Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын эрхэм гишүүд ээ! Тэтгэврийн даатгалын тогтолцоогоор оролдох цаг нь мөн үү?

ikon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Үндсэн хууль батлалцсан Улсын бага хурал, Ардын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэнгийн бичсэн Үндсэн хуулийн тулгамдсан нэгэн асуудлын тухай нийтлэлийг хүргэж байна. 

Тогтолцоогоо өөрчлөх үү, тоглоомын дүрмээ сайжруулах уу

Нийгмийн даатгалын хуулиудын төслийг боловсруулагчид нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх, зарим төрлийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө өвлөгддөг байх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилготой гэжээ.

Эндээс харвал тэтгэврийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог хуримтлалын тогтолцоогоор солих юм байна.

Нийгмийн даатгалын хуулиуд 1994 онд батлагдаж, 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ирсэн 26 жилийн хугацаанд ялангуяа тэтгэврийн даатгалын санг эрсдэлд хүргэсэн шалтгааныг холоос хайх хэрэггүй. Энд юуны түрүүнд улс төрийн намуудын сонгуулийн амлалт, улс төрчдийн сонгогчдодоо тал зассан алхмуудаас эхтэй.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын болон улс төрчдийн мэдлийн хөрөнгө бишээ. Энэ хөрөнгийг захиран зарцуулахад 3 талын төлөөллийг багтаасан Үндэсний зөвлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай. Энэхүү 3 талт механизмыг ёс төдий байгуулж, уг зөвлөлийг сайд нь тэргүүлж ирсэнд хамаг учир бий. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах, шимтгэл төлөөгүй хугацааг шимтгэл төлсөнд тооцох, шимтгэл төлөөгүй хугацааны шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх, хөнгөлөлттэй нөхцөл /насны хязгаарыг доогуур тогтоох г.м/-өөр тэтгэвэр тогтоох хүрээг өргөтгөх, Засгийн газар нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дур мэдэн зарцуулах зэргээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хүртээмжийг хомсдуулсан байдаг. Үүнийгээ манай улсад дундаж наслалт өндөрсөж тэтгэвэр авах хугацаа уртсаж байгаатай холбож тайлбарлах гэж оролдох нь ажиглагдах болов.

Япон, баруун Европын зарим улс орнуудад хүн амын насжилт өндөрсөж, тэтгэвэр авах хугацаа уртсаж байгаа нь бодит үнэн. Ийнхүү тэтгэврийн сангийн хүрэлцээ хангалтгүй болсныг гадаадын зарим улс орнууд 2 замаар шийдвэрлэж ирсэн байдаг.

1 дэх нь:

Ялангуяа баруун Европын тэтгэврийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоотой орнуудад төрийн суурь тэтгэвэр бий болгох замыг сонгосон байна.

2 дахь нь:

 НҮБ-ээс 1994 онд гаргасан илтгэлд тэтгэврийн даатгалын сангийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоог санал болгосон байдаг. Гэхдээ албадаагүй. Энэхүү тогтолцоог бүхэлд нь болон тодорхой элементийг нь зарим постсоциалист улс орнууд, ЗХУ-ын задралаар шинээр үүссэн зарим улс орнууд, Итали, Швед зэрэг улс орнууд авч хэрэгжүүлж эхэлсэн, амжилттай хэрэгжиж байгаа нь ч бий, хүлээсэн үр дүндээ хүргэж чадалгүй зам дундаасаа буцаж байгаа нь ч бий. ОХУ –д хэдэн жилийн өмнө хуримтлалын тогтолцоогоо царцааж, сая хэдхэн хоногийн өмнө дахин сунгалаа. Энэ бол цоо шинэ хандлага бөгөөд даатгалын үндсэн зорилго болох эрсдэлийг даван туулах үйл явцыг хөнгөлөх гэхээсээ илүүтэй, хадгаламжтай төсөөтэй хуримтлалын сан бүрдүүлэх тал руугаа хэвийсэн тогтолцоо юм.

Манайд зарим улс төрчдөөсөө эхлээд зарим судлаачид хуримтлалын тогтолцоог магтан дуулж л байна. Ямартай ч эв санааны нэгдлийн тогтолцооноос толгой илүү гэдэг нь одоогийн байдлаар батлагдаж амжаагүй  байна. Бас нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хувийн даатгалын компаниуд эргүүлэх сонирхол ч давхар яваад байх шиг.

Бидний хамгийн сайн мэддэг жолоочийн хариуцлагын даатгал байна. Жолоодох эрхтэй бүхэн хураамжаа төлнө. Эрсдэлд өртсөн бол хохирлыг нөхөн төлөхөд даатгалын байгууллагаас дэмжлэг авна. Эрсдэлд ороогүй бол шимтгэлээ эргүүлэн авдаггүй, бусдын эрсдэлийг хуваалцахад зарцуулагддаг. Ингээд бодохоор даатгал гэдэг бол болзошгүй эрсдэлийг даван туулахад зардлаа хөнгөлөх зорилготой болохоос шимтгэл төлөөд эрсдэлд ороогүй бол буцааж авах зориулалттай бус, эрсдэлд орсон өөр хүний эрсдэлийг хуваалцахад зарцуулагддаг жамтай. Үүнийг л эв санааны нэгдлийн тогтолцоо гээд байгаа юм шүү дээ.

Энэ бол монголчууд бидний ихэс дээдсээ, ах захаа гэсэн уламжлалтай дүйцэж байгаа юм. Заримдаа бидний хойч үеийнхэн маань хувиа борлуулж довоо шарлуулах үзэл санаа руу хурдацтай гулсаж байна уу даа гэсэн эмзэглэл төрүүлэх болов. Өөрийгөө бодож болно оо. Тийм бол одоо ч хуулиар хориглоогүй хувийн даатгалын компанид давхар даатгуулж болно. Тэнд харин төлсөн шимтгэлээ өвлүүлэх асуудлыг гэрээндээ тусгах боломж бий.

Ер нь аливаа нэг тогтолцоог нөгөөгөөр солиход шинэ сорилтуудтай тулгардаг нь жам юм. Тогтолцоогоороо оролдох нь тун ч осолтой. Тэтгэврийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог хуримтлалын тогтолцоогоор солиход ч шинэ сорилтуудтай учрах нь дамжиггүй. Нэг үгээр хэлбэл энэ нь тэтгэврийн даатгалын тогтолцооны хувьсгал юм. Хувьсгалыг тэр болгон хийгээд байдаггүй учраас энэ асуудалд туйлын ул суурьтай хандах ёстой.

Тэтгэврийн олон шатлалт тогтолцоо, хуримтлалын тогтолцоо хоёр бол хоорондоо ялгаатай зүйл.

Бид шимтгэлд төлсөн мөнгөө зарцуулж чадаагүй бол өв залгамжлуулах нь гоё гэсэн олон түмний гэнэн итгэлийг ор нэрийн төдий маш цөөхөн хүн хамрагдах ирээдүй бүхий нэмэлт даатгалд сайн дураараа даатгуулахаар хуурч болохгүй ээ.

Ер нь тэгээд хувийн тэтгэврийн даатгалын харилцааг иргэний болон арилжааны даатгалын эрх зүйн харилцаагаар зохицуулах боломжтой байхад ийм хууль гаргах хэрэг байгаа эсэхэд эргэлзэж байна. Саяхан төрөөс хууль гарган зохицуулж байгаа жолоочийн хариуцлагын даатгалтай холбогдсон асуудал ямар үр дагавартай болохыг нь харуулаад өгөх шиг боллоо.

Санал авахаар тавьсан төслүүдийн тухайд:

Уг төслийн зүйл заалтаар саналаа гаргая гэж бодсон хэдий ч энэ төсөл миний хувьд олон түмний хүсэн хүлээсэн төсөл биш байсан тул ерөнхийд нь саналаа тоймлохоор шийдэв.

Ерөнхий хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын нэрийн дансны талаарх зохицуулалтууд 1997 оны хуулиас дээрдсэнгүй. Хуримтлалын сан үүсгэх, хуваарилалтаас хуримтлалд шилжих нарийвчилсан зохицуулалт үгүйлэгдэж байна. Тэтгэврийн даатгалын нэрийн дансны бүртгэлийн томъёонд зөвхөн хүүгийн орлогыг бүртгэхээс бус ногдол хувь, бонд, үнэт цаасны хүүгийн орлогыг бүртгэхгүй юм шиг байна. Хуримтлалын санг эдийн засгийн эргэлтэд оруулснаар буй болсон нэмэлт орлогыг хэдийг нь сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах, хэдийг нь хуримтлалын санд, хэдийг нь улсын төсөвт, бүр нарийвчлан тооцвол хэдийг нь даатгуулагчийн нэрийн дансанд бүртгэх талаар зохицуулалт алга байна.

Суурь тэтгэвэр тогтооход одоо тэтгэврийн даатгалын сангийн дутууг төсвөөс санхүүжүүлэхэд зарцуулж байгаа мөнгө бараг бүхэлдээ зарцуулагдах байх. Ойрын жилүүдэд нэрийн дансанд бүртгэгдсэн мөнгөний эх үүсвэрийг төсвөөс гаргахаар тооцсон байна. Энэхүү төсвийн эх үүсвэр нь улсын хөгжлөөс хойш нь чангаах болно. Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэвэл  улс орнуудын туршлагыг судалж зохимжтой аргаар хураасан шимтгэлийн эх үүсвэрээс хуримтлалын сандаа аажмаар хуваарилах замаар шийдэх нь зүйтэй болов уу.

Ажилтан өөрийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах  орлогоосоо төлдөг тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 8.5 хувиас тодорхой оноос эхлэн нэг нэг хувиар хуваарилалтын сан руу шилжүүлж, тодорхой хугацааны дараа хуваарилалтын тогтолцоонд шилжинэ гэж үзвэл энэ хугацаанд тэтгэвэр тогтоолгох иргэний тэтгэврийн зарим хэсгийг эв санааны нэгдлийн, заримыг нь хуримтлалын сангаас санхүүжүүлэх замаар хагас хуримтлалын гэх арга замаар шийдвэрлэх нь илүү оновчтой байж болох юм. Нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгоход тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллээр тооцох уу, даатгуулагч өөрөө тэтгэвэр авах хугацаагаа тогтоох уу гэдгийг дахин нэг бодож үзмээр байна. Тэтгэвэр авагч эрт  нас нөгчвөл үлдэгдэл нь өвлөгдөнө. Харин тэтгэвэр авагч дундаж хугацаанаас 10 жил илүү амьдарвал тэтгэврийн эх үүсвэр хаанаас гарах вэ?

Төсөлд 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь төлсөнд тооцсон хүмүүсийн тэтгэврийн зэрэг хэд хэдэн  эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэхээр заажээ. Энэ нь тэтгэврийг нэмэгдүүлэх зорилготой уялдсан байж болох.

Цаашид тэтгэврийн санг нэмэгдүүлэх хамгийн зөв арга зам бол хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх явдал мөн. Харин суурь тэтгэврийг төсвийн эх үүсвэрээр шийдсэн нь зүйтэй юм. Гэхдээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “суурь тэтгэврийг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ хуулийн 7.1.1-д заасан насанд хүрсэн бүх тэтгэвэр авагчид олгоно.” гэж заавал зөв болно. Одоогийн томъёоллоор бол өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүст суурь тэтгэврийг нөхөж олгохоор уншигдаж байна. Мөн суурь тэтгэврийг зөвхөн өндөр насны тэтгэвэр авагчид олгоно гэж нэг мөр заавал зөв болно.

Тэтгэврийн нөөц санг төсвөөр бүрдүүлж, түүнийг арвижуулах бодлогыг эргэн харах хэрэгтэй. Тэтгэврийн сангийн чөлөөт үлдэгдлийн менежмент гэвэл хэнд ч ойлгомжтой. Харин давхар нөөц сан бүрдүүлэх юм шиг ойлгогдоод байна.

Нийгмийн даатгалын байгууллага төрийн байгууллага уу?

1994 онд бол улс орны эдийн засаг хүндхэн байсан болохоор уг байгууллагад нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийн менежментийг хариуцуулсан хэдий ч багагүй хэмжээний мөнгийг Засгийн газар, банкуудад алдсан байдаг. Тэгээд ч хуулиндаа төрийн захиргааны байгууллага гэж биччихээд ашгийн төлөө ажиллах нь зохимжгүй юм. Үүний оронд “Тэтгэврийн сан” гэсэн компани байгуулж сангийн менежментийг гүйцэтгүүлбэл зохимжтой болно.

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 1994 онд тогтоохдоо улс орны эдийн засгийн бодит байдлаас болж нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлж байхаар шийдвэрлэсэн юм. Нийгмийн даатгалын байгууллага төрийн байгууллага юм бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс бус төсвөөс санхүүждэг байх нь зүйтэй. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээгээр тэтгэвэр тэтгэмж авагчдад очих ёстой мөнгө хумигдаж байгааг одоо засах цаг нь болсон.

Тэтгэврийг өв залгамжлуулах талаар хүлээлт үүсгэснээ төсөлд заасны дагуу шийдвэрлэнэ гэвэл дутуу алсан могой шиг болохоос гадна одоо мөрдөж байгаа тогтолцоогоо эвдээд зарим улс орнууд шиг тэтгэврийн сангийн хямралд хүргэх вий гэсэн болгоомжлол байна.

Тэтгэврийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог хална гэсэн улс төрийн шийдэл гаргах эсэхээ энэ хуулиар нэг мөр түс тас гаргахгүй юм бол мөрдөж байгаа хуульдаа цаг хугацааны эрхээр үүссэн зарим нэмэлт өөрчлөлтийг оруулаад эв санааны нэгдлийн тогтолцоогоо хадгалаад явах нь бараг өлзийтэй мэт санагдана.

Сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгалд хүмүүс өргөн хүрээнд хамрагдах цаг хугацаа нь болоогүй байна. Өнөөгийн байдлаар манайд хөдөлмөрийн үнэлэмж хэтэрхий доогуур байгаа учраас хүмүүс орлогоо өдөр тутмын хэрэгцээнээс илүү гаргаж нэмэлт даатгалд сайн дураараа даатгуулах нь бүү хэл нийгмийн даатгалын шимтгэлийн одоогийн хувь хэмжээг их байна гэж шүүмжлээд байгаа л даа.

Харин цалин, хөдөлмөрийн хөлсийг орчин үеийн шаардлагад дөхүүлэн нэмэгдүүлэх юм бол тэтгэврийн сангийн хүртээмж дээшлэх нь ойлгомжтой.

За тэгээд тогтолцоогоороо оролдох уу, тоглоомын дүрмээ сайжруулаад явах уу гэдгийг сайтар тунгаан бодоорой гэж дахин дахин гуйя.

 

ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН

/2022.01.13/