Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын дэглэм дуунаас хурдан зэвсгийг амжилттай туршсанаа зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм дуунаас хурдан зэвсэг амжилттай туршсанаа өчигдөр зарлажээ.

Мягмар гарагт болсон туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн ажигласан тухай төрийн төв хэвлэл нь мэдээлсэн байна.

Дуунаас хурдан пуужин далайд байрлуулсан байг 1,000 км-ийн алсаас устгаж чадсаныг бас мэдээлжээ.

Энэ бол Умард Солонгосын хувьд дуунаас хурдан зэвсэг туршсан гурав дахь тохиолдол юм. Анхны туршилт нь 2021 оны есдүгээр сард зохион байгуулагдаж байв. Хоёр дахийг нь өнгөрсөн долоо хоногт туршсан юм.

Ким Жон Ун 2020 оны гуравдугаар сараас хойш ямар нэг зэвсгийн туршилттай биечлэн танилцаагүй байжээ. Энэ удаагийн туршилтыг биеэр ирж ажигласан нь Умард Солонгос дуунаас хурдан зэвсгийн технологид амжилт гаргасан байж болзошгүйг харуулж байна.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин эхлээд дуунаас хурдан зэвсэг туршсанд нь итгэлгүй байсан бол сүүлд энэ удаагийн туршилт өмнөх туршилттай харьцуулахад сайжирсныг хүлээн зөвшөөрчээ.

Хэрвээ Умард Солонгосын туршилт үнэхээр амжилттай болсон бол тус улс дуунаас хурдан зэвсэг хөгжүүлж байгаа АНУ, Хятад, Орос зэрэг цөөхөн улсуудын эгнээнд багтаж байна.

Баллистик пуужин нум хэлбэрийн замаар дэлхийн агаар мандлаас гарсны дараа буцан уруудаж байндаа тусдаг. Тиймээс туулах замыг нь урьдчилж тооцоолох амархан тул амдаж устгах боломжтой байдаг. Харин дуунаас хурдан пуужин нь дэлхийн гадаргатай ойрхон өндөрт нисэж, байндаа маш богино хугацаанд хүрдэг тул устгахад хэцүү.

Хурд нь дууны хурднаас 5 дахин өндөр буюу ойролцоогоор цагт 6,200 км юм. Тиймээс дуунаас хурдан пуужинг илрүүлэх, устгах боломж бага байдаг.

Өнгөрсөн долоо хоногт үйлдсэн туршилтынх нь дараа АНУ тэргүүтэй зургаан улс хамтарсан мэдэгдэл гаргаж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсэн үйлдлээ зогсоохыг Умард Солонгосоос шаардаж байв.

 

Эх сурвалж: BBC