Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Covid-19 халдварын тохиолдол 55 хувиар өсөж, нас баралтын түвшин тогтвортой байна

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдварын шинэ тохиолдол дэлхий дахинд 55 орчим хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 15 сая орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн 9.5 сая тохиолдлоос огцом өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Харин нас баралтын тоо сүүлийн долоо хоногт 43,000 гаруй байсан нь өмнөх долоо хоногоосоо төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

Халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбар нийт халдварын тохиолдлуудын дийлэнх хэсэг болж байгааг ДЭМБ мэдээлжээ.

Тухайлбал дэлхийн даяар гүйцэтгэсэн гений дараалал тогтоох нээлттэй шинжилгээнүүдийн 59 орчим хувьд Омикрон хувилбар илэрсэн байна.

Бүс нутгаар нь авч үзвэл өнгөрсөн долоо хоногт зөвхөн Африк тивд шинэ халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурчээ.

Умард ба өмнөд Америк тивүүдэд халдварын тохиолдлын илрүүлэлт дээд цэгтээ хүрч, долоо хоногийн хугацаанд 78 хувиар өссөн байна. Үүний гол өсөлт АНУ-д оногджээ.

Европ тивд халдварын тохиолдол 31 хувиар өссөн ч нас баралт 10 хувиар буурсан байна.

Бүс нутгуудаас Өмнөд ба Зүүн Өмнөд Ази халдварын шинэ тохиолдлын 400 гаруй хувийн өсөлтөөр дэлхийд тэргүүлжээ. Үүнд Энэтхэг, Зүүн Тимор, Тайланд, Бангладеш улсуудад өсөлт хамгийн өндөр байна.

Харин нас баралтын тоо дээрх бүс нутагт өнгөрсөн долоо хоногт 6 хувиар буурчээ.

Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр ч өмнөх Дельта хувилбартай харьцуулахад хоруу чанар багатай нь судалгаагаар улам бүр батлагдаж байгааг ДЭМБ мэдээлсэн байна.

Вакцинжуулалтад, ялангуяа вакцины нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд Омикрон хувилбарын халдвараар хүнд өвчлөх, нас барах эрсдэл буурч байгааг мөн мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press