Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Болормаа: Дундаж давхаргыг тэлэх зорилготой шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ₮100-120 их наяд шаардлагатай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинэ сэргэлтийн бодлогын зорилго, өмнөх хөгжлийн бодлогуудаас юугаараа ялгаатай талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Хямралыг боломж гэж харан Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулсан. Уг бодлогыг боловсруулах таван сарын хугацаанд аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод зэргээс 600 гаруй санал цуглуулсан. 

Шинэ сэргэлтийн бодлогыг өмнөх оны аравдугаар сараас эхлээд долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өмнөх хөгжлийн бодлогуудаас төрийн систем зөвшилцлийн үр дүнд тухайн бодлогыг боловсруулсан гэдгээрээ ялгаатай. 

Хувийн хэвшилтэй зөвшилцөх уулзалтыг олон удаа хийсэн. Манай улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлсон.

Ингээд

  • Боомт,
  • Эрчим хүч,
  • Аж үйлдвэржилт,
  • Ногоон хөгжил,
  • Төрийн бүтээмж,
  • Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн зургаан зүйлийг илүү ихээр тодотгож гаргаж ирсэн" гэдгийг хэлэв. 

Биднийг өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр хязгаарлаж буй хүчин зүйлийг төрийн бүтээмж гэж үзжээ. Шинэ сэргэлтийн бодлогын зорилго нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэнэ. 

Мөн дундаж давхарга хүчтэй байж эдийн засгийн тусгаар тогтнол үүснэ. Шинэ сэргэлтийн бодлого нь дундаж давхаргыг тэлэх зорилготой талаар Э.Болормаа зөвлөх танилцуулсан юм. Урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаатай, эдийн засгийн зорилтот хөтөлбөр аж. Эдийн засгийн сууриа бааз тэлэхгүйгээр хүсэж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн системийг бий болгож чадахгүйг онцлов. 

Шинэ сэргэлтийн бодлогыг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай аж. Энэ мөнгө төсвөөс гарахгүй. Хууль эрх зүйн өөрчлөлтийг хийсний үндсэн дээр гадаад, дотоодоос хөрөнгө босгох, төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэж бий болгох юм байна.