Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбаатар: Социализмын үед жүжигчин, бөх гээд бүгд хөдөлмөр эрхэлдэг байсан. Гэтэл одоо бид хөдөлмөрийг хоёрдугаарт тавьдаг болж

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч тус зөвлөлийн дөрвөн гишүүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Нэр дэвшигчдийн холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх томилдог.

Өмнөх Ерөнхийлөгчийн санал болгон томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийг хугацаа дууссанаар тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлжээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар шинээр томилогдох гэж буй гишүүдэд хандан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хэд хэдэн санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Нэг зүйл орхигдоод байгаа. Юу гэхээр, яаж хөдөлмөр эрхэлдэг болох вэ, хөдөлмөр эрхэлдэг хүнийг яаж хүндэлдэг болох вэ гэдэг асуудал байгаа юм. УИХ дотор ч хөдөлмөр эрхэлдэг хүнийг хүндэлдэггүй, үзэн яддаг маягтай байдал анзаарагддаг болсон. Энэ байдал нь даамжирсаар даргын араас хөөцөлддөг, дарга л болох сонирхолтой болдог юм шиг байгаа юм.

Соён гэгээрүүлэх тухай асуудалд хөдөлмөр эрхлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хүн хөдөлмөр эрхэлж байж амьдарна гэдгийг ойлгуулах шаардлагатай.

Социализмын үед жүжигчин, бөх гээд бүгд хөдөлмөр эрхэлдэг байсан. Хажуугаар нь хобби гэдэг юм уу тэр зүйлээ хийдэг байсан. Мундаг тамирчин хүртэл засварчин юм уу уурхайчин байх жишээтэй. Гэтэл одоо бидэнд ажил хөдөлмөр хоёрдугаарт тавигдаад байна.

Тиймээс хөдөлмөр хийх сонирхлыг дээшлүүлж, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ хүндлэх соёлд сургах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төр бүх зүйлд анхаарах ёстой юм шиг ойлгодог боллоо" гэдэг санал дэвшүүлэв.