Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"NGS шинжилгээний нэг сая төгрөгийн зардалд урвалж оношлуураас бусад зардал багтаагүй"

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул NGS шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/nccdgov/videos/358110785650487

Тэрбээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас NGS технологийг бид бүрэн суурилуулсан. Тус технологиор ямар нэг биологийн биет, түүнд агуулагдаж байгаа удмын мэдээллийг шинжилдэг. Тодруулбал, энэ нь дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн бүрэн геномын зураглалын кодыг тайлах нарийн ач холбогдолтой шинжилгээ юм.

NGS технологи нь маш олон үе шатаас бүрдсэн нарийн чимхлүүр ажил байдаг бөгөөд PCR шинжилгээний гурван шат дамжлага, PCR-ын бүтээгдэхүүнийг цэвэршүүлэхэд чиглэсэн 3-4 дамжлага болон бусад дамжлагаас бүрдсэн нийт 13 үе шаттай явагддаг.

Тийм ч учраас энэ шинжилгээнд зарцуулагдах үнэ төлбөр өндөр бөгөөд маш олон дамжлага дамжих урвалж оношлуурыг хэрэглэдэг гэж ойлгож болно.

Мөн цахим орчинд NGS шинжилгээний үр дүнг PCR буюу ПГУ шинжилгээний үр дүнтэй андуурсан ташаа ойлголт гарч байна. NGS нь PCR-аас маш ялгаатай шинжилгээ бөгөөд вирусийн бүрэн геномыг тодорхойлох шинжилгээг хүн бүрд зориулж хийх боломжгүй.

Аль цаг хугацаанд вирусийн хувьсал ямар байсан бэ гэдгийг тандаж мэдээд түүнийгээ нийгмийн эрүүл мэндийн болон олон улсын вирус судлалын практикт ашиглах зорилгоор NGS  шинжилгээг тодорхой цөөн тооны түүвэр сорьцод хийдэг. Энэ нь стратегийн нарийн ач холбогдолтой.

Хамгийн багаар буюу 16 сорьцод шинжилгээ хийхэд 4GB орчим био мэдээлэл гардаг. Түүнд боловсруулалт хийхэд 5-7 хоногийн хугацаа шаарддаг.

Энэ шинжилгээг хийхэд PCR-ийн цомог оношлуураас гадна хэрэглэгдэхүүнүүд, урвалж бодисуудыг ашигладаг тул нэг сая төгрөг буюу өндөр үнэтэй байдаг.

Тодруулбал, NGS технологиор вирусийн бүрэн геномын шинжилгээний зөвхөн урвалж оношлууртай холбогдох зардлыг тооцоолбол нэг сая орчим төгрөг болж байгаа. Уг өртөгт бусад үйл ажиллагааны зардал ороогүй" хэмээн ярив.

Түүнчлэн "Манай улсад цар тахлын халдвар бүртгэгдсэн цагаас эхлээд бид тодорхой сорьцуудыг цуглуулж Япон руу илгээдэг байсан. Учир нь манай улсын хүн амын дунд вирусийн ямар хувилбар тархсан байгааг мэдэх зайлшгүй шаардлагатай.

Ингэж байж бид нийгмийн эрүүл мэндийн тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн өвчлөл үүсгээд байгаа коронавирусийн хувьсал ямар байгааг богино хугацаанд гаргаж байх нь нийгмийн эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой" гэдгийг хэллээ.