Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад улсаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлахыг цуцлах үүрэг өгөв

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий даяар хэрэглэж байгаа вакцинуудын дийлэнх хувь нь КОВИД-19-ийн эсрэг үр нөлөө гурван сарын дараагаар эрчимтэй буурч байгааг судалгаагаар нотолсон. Тиймээс нэмэлт тундаа сардаа багтан хамрагдах зөвлөмжийг Засгийн газар, УОК өгч байна.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр дараах чиг үүргийг өгсөн байна. Үүнд,

  1. Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх
  2. Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах
  3. Гадаадаас ирж байгаа иргэдийн хувьд онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох гэжээ. 

Ерөнхий сайдын өгсөн эдгээр үүрэг чиглэлтэй холбоотой, хугацааны хувьд хэзээнээс хэрэгжиж эхлэх мэдээллийг өнөөдөртөө багтааж УОК-ын хурлаар өгнө гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

"Иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байна"

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.

Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна. Энэ асуудлаар Улсын онцгой комисс шийдвэр гаргах аж.

Мөн Шадар сайд С.Амарсайхан "Гадаадаас ирэх иргэд гурван тунд хамрагдсан байх ёстой. Гэрээрээ гурав хоног өөрийгөө тусгаарлана. Оролцоо хариуцлагын үндсэн дээр хаана хаанаа хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй" хэмээн хэвлэлийнхэнд яриа өгөхдөө хэлсэн. 

Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.

2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10,247 хүн хийлгэжээ. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/636453377783132