Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна"

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх асуудлаар эцэг эхчүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл "Бид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж өнөөдөр энд ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалдаг маш олон конвенцод манай улс нэгдэн орсон байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олон эрх хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа. 

Олон асуудал байгаа ч өнөөдөр бид нийгмийн халамжийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 188 мянган төгрөгийн тэтгэмжээр байнгын асаргаанд байдаг, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхдүүд амьдрах уу?.

ХНХЯ-нд Ажлын хэсэг байгуулагдсан ч ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байна. Тиймээс бид өнөөдөр Засгийн газрын хуралдаантай өдөр Төрийн ордны үүдэнд ирээд байгаа юм. 

Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан шаардах хуудас бичсэнээ өнөөдөр хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ хамт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна" гэлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж болон асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг эцэг эхчүүд хэлж байв. 

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сарын дундаж хэрэглээг 1,800 гаруй эцэг эхээс авахад сард 240,000-450,000 төгрөгийн зардал гарч байгаа хэмээн хариулжээ. Үүн дээр эм, эмчилгээ, унаа таксины зардал гээд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сард дунджаар 1.4 сая төгрөгийн зардал гардаг аж. Харин улсаас олгож байгаа тэтгэмж энэ зардлын 12.6 хувьтай тэнцэж байна гэдгийг эцэг эхчүүд хэллээ.