Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүд зөвлөл байгуулав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗХЖШ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй мотобуудлагын батальоны энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагчдын хуралдаанаар “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг 2022 оны эхний өдөр байгууллаа.

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Хүний нөөцийн офицер хошууч М.Хишигбаяр “Бидний ажлыг дэмжин халдвар, хамгааллын дэглэм барин “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа"-г дурдаад шинээр байгуулагдсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.

Мотобуудлагын батальоны захирагчийн орлогч, штабын дарга дэд хурандаа Н.Гантөмөр: “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаад баяр хүргэе. Эмэгтэй цэргийн алба хаагчдын хувьд эрчүүдээс дутахгүй албандаа нэр төртэй үүргээ гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье. Бидэнд цаашид хэрэгжүүлэх олон ажил байгаа бөгөөд тэр бүхэнд идэвхтэй оролцон, хамт олныхоо уур амьсгалыг зөөллөж явахыг хүсэж, эрүүл энх, сайн сайхныг ерөөлөө.

Эмэгтэйчүүдийн зөвлөлийг төлөөлж ахлагч Ж.Цэрэнлхам “Миний ээж хөөрхөн” дууг дуулсан бөгөөд дараа нь “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн шинээр байгуулагдсан хамтлаг ээжийн тухай дууны цоморлогоор ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе” уриан дор богино хэмжээний жүжигчилсэн тоглолтыг үзүүлсэн юм.

Энэхүү үйл ажиллагаагаа эхэлж байгаатай холбогдуулан “60 секунд” хөгжөөнт тэмцээнийг удирдлагууд болон эмэгтэй цэргийн алба хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 7 баг оролцон өрсөлдсөнөөс авхаалж самбаа, түргэн сэтгэмжээрээ манлайлсан ахмад Ж.Бат-Эрдэнэ, ахлах ахлагч М.Ундрам нар тус тэмцээний тэргүүн байрыг эзэллээ.

Түүнээс гадна тус батальоны захирагч хурандаа О.Заяат “Эмэгтэй хүн” сэдвээр лекц тавьснаас “Монгол эмэгтэйчүүдэд төрөлхийн алсын хараа, тэвчээртэй, дайчин чанар хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд Монгол хатдын үргэлжлэл болсон бүсгүйчүүд маань өнөө цагт ч гэсэн улс орныхоо нэр хүндийг тив дэлхийд дуурсгаж амжилт бүтээл дүүрэн яваа талаар дурдлаа хэмээн ЗХЖШ-ын Ахлах дэслэгч Ц.Бадамсүрэн мэдээллээ.