Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Омикрон хувилбарын тархалт АНУ, Их Британид ойрын үед огцом буурч болзошгүй гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтийг айлгаж байгаа коронавирусийн Омикрон хувилбарын тархалт Их Британи, АНУ-д оргилдоо хүрч, удахгүй огцом буурах магадлалтай байгааг орон орны судлаачид мэдээлжээ.

Маш хурдтай халдварладаг уг хувилбар нэгэнт өвчлүүлэх хүмүүсээ өвчлүүлж дууссан тул удахгүй буурна гэж тэд дүгнэсэн байна.

“Анх тарсан шигээ хурдтайгаар буурна гэж үзэж байна” гэж АНУ-ын Сиэтл хот дахь Вашингтоны Их Сургуулийн эрүүл мэндийн судалгааны профессор Али Мокдад ярьжээ.

Тус сургуулийн боловсруулсан математик загварчлалаар тооцоолоход нэгдүгээр сарын 19-нд АНУ-д өдөрт илрэх халдварын тохиолдол оргилдоо хүрсний дараа огцом буурч эхлэх төсөөлөл гарсан байна.

Тэгвэл Их Британийн зарим хэсэгт халдвар тархалтын оргил үе нэгэнт өнгөрсөн шинж тэмдэг ажиглагдаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус улсад өдөрт дунджаар 200,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол долоо хоногийн сүүлээр 140,000 орчим болж буурчээ.

Британийн Опен Их сургуулийн хэрэглээний статистикийн профессор Кэвин Макконвэй нийслэл Лондон хотод Омикрон халдварын тархалт нэгэнт оргилдоо хүрсэн гэж үзэж байгаагаа ярьж байна.

Ингэхдээ Омикрон хувилбар анх бүртгэгдсэн Өмнөд Африктай харьцуулахад илүү богино хугацаанд Их Британид оргилдоо хүрнэ гэж дүгнэжээ.

Хүн амын насжилт, өвлийн улиралд ихэнх хүмүүс гэртээ цагийг өнгөрөөдөг зэрэг нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.

Нөгөө талаар Их Британийн засгийн газар Омикрон хувилбартай тэмцэхдээ Европын бусад улсууд шиг хатуу хөл хорионы арга хэмжээ аваагүй нь богино хугацаанд оргилдоо хүрээд буурах нөхцөл болсон гэж дүгнэжээ.

Европын зарим орнуудын хатуу хөл хорио халдварын тархалтыг бууруулахгүй, харин удаашруулж, сунжруулах нөлөөтэй гэж Өмнөд Африкийн Уитуотерстэндийн Их Сургуулийн анагаах ухаан судлаач Шабир Махди үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press