Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс иргэн Д.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн Д.Амартүвшинд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Шүүх хурлаар Д.Амартүвшинд холбогдох хэргийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Энэ тухай тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Эргэн сануулахад, өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамар нарт Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн..." мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан..." зөрчилд тус тус арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн хэргийг хянаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "...Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон Нийслэлийн засаг даргын 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн юм.

Иймд зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэж байв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.