Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Уул уурхайн бус экспортыг дэмжихээр ажиллаж байна. Ноолуурын хувьд тодорхой санхүүжилтийн схемийг зурсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "2020 оны наймдугаар сард хадгаламжийн хүү 12 хувь байсан бол өнөөдөр 5.4 хувь байна. Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдаад хадгаламжийн хүү их буусан. Үүний цаана иргэд хохирч байна. 

Экспортыг дэмжих чиглэлээр Монголбанк ямар бодлогыг түлхүү хэрэгжүүлж байна вэ? Ямар дэвшил гарсан бэ. Сүүлийн саруудад банкууд хадгаламжийн хүүг өсгөөд байгаа гэсэн нь үнэн үү" гэдгийг тодруулав. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны хуулиар аль нэг салбар, аж ахуйн нэгжийг дэмжих нь хориотой. Тиймээс хуулийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Цар тахлын үеийн түр хуулиар алтны урьдчилгаа олгох боломж нээгдсэн. 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг урьдчилан худалдан авалт маягаар хийгээд явсан. 

Энэ хүрээнд 2020 онд 23 тонн металл, 2021 онд 21 тонныг худалдаж авсан. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус экспортыг дэмжихээр ажиллаж байгаа. Цагаан алт гэж яригддаг ноолуур дээр тодорхой санхүүжилтийн схемийг зурсан. ОХУ-д рублийн бодлогын хүү долоон хувьтай байгаа. Сүүлд нэмэгдүүлсэн. Хөгжиж буй манай улсын хувьд зургаан хувь бол дундаж хүү гэж харж байна" гэлээ. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Бодлогын хүү буурснаар банкуудын хадгаламжид хамгийн том нөлөө үзүүлж байна. Хадгаламжийн хүү дунджаар 5.4 хувь байгаа. Үлдэгдэл хадгаламж дээрээ хүүгээ тооцоолон гаргасан. Сар явах тусам өндөр хүүтэй хадгаламж дахь үлдэгдэл буурч байгаа учраас хүү ингэж буурч байна.

Нөгөө талаас зарим нэг банкуудад хадгаламжийн төвлөрлийг бууруулах тухай үүрэг өгдөг. Хэт нэг харилцагчаас хамааралтай өндөр хүү татдаг нөхцөл байдлаас болгоомжилдог" гэв.