Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс вирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлдог NGS технологийг өнгөрсөн сарын эхээр нэвтрүүлсэн"

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс коронавирусийн Омикрон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хэрхэн хийж байгаа тухай ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн тасгийн дарга н.Бумдэлгэр "SarsCov2 вирус дэлхий даяар тархаж цар тахлын хэмжээнд хүрснээс хойш хоёр жил гаруй болж байна. Манай эмнэлгийн вирус судлалын лаборатори улсын хэмжээнд халдварт өвчний вирусийг илрүүлэх чиглэлээр лавлагаа шатны үйлчилгээг үзүүлдэг.

Анх PCR технологийг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнийг сургахад том үүрэг гүйцэтгэсэн. Коронавирусийг илрүүлэх хэд, хэдэн технологи байдаг. Тухайлбал түргэвчилсэн оношлуур хурц халдвар, вирусийн тоо өндөр үед маш тодорхой илрүүлдэг. Вирусийг илрүүлэх хамгийн гол технологи PCR. Энэ технологи манай улсын дүүрэг, аймгуудад нэвтэрсэн. 

Тухайн вирус мутацад орж өөрчлөгдөн, хоёр, гурван давлагаа өнгөрлөө. Дэлхий нийтэд 11 дүгээр сарын сүүлээр коронавирус Омикрон хувилбарт орж, хурдтай тархаж буйг ДЭМБ зарласан.

Монгол Улсын хувьд 11 дүгээр сарын сүүлээр коронавирусийн хувилбарт тандалтыг хийж эхэлсэн. Хувилбарын тандалтыг PCR шинжилгээгээр болон NGS технологиор хийдэг. 12 дугаар сарын эхээс NGS технологийг манай улсад нэвтрүүлээд байна.

ХӨСҮТ-ийн лабораториос гурван мэргэжилтэн Япон улсад очиж мэргэшээд ирсэн. Омикрон хувилбар манай улсад бүртгэгдэхтэй зэрэгцээд энэ шинэ технологийг анх удаа нэвтрүүлж чадлаа.

NGS технологи гэдэг нь вирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлдог. Бүрэн геномын дарааллыг үзэхээр тухайн вирусийн генийн түвшинд гарсан бүх мутацыг илрүүлэх чадвартай" гэсэн мэдээллийг өглөө.