Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Жолоочгүй тээврийн хэрэгслийн терминал байгуулах зэрэг ажил багтсан боомтыг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдсан"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гаалийн байгууллагын өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг  удирдах ажилтны “Зөвлөлдөх уулзалт” өнөөдөр эхэллээ. 

Тус зөвлөгөөний үеэр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын нэг нь гаалийн боомтын шинэчлэл юм. Тиймээс 2022 онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлэн явуулна. Ингэхдээ хүний оролцоо багатайгаар тээврийн үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн. Тээвэрлэлтийн шинэ нөхцөлийг гаргаж ирнэ. Энэ нь чингэлэг тээврийн терминал юм.

2019 оноос хэрэгжиж эхэлсэн гаалийн шинэчлэл, боомтуудын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг өнгөрсөн онд дуусгахаар төлөвлөж байсан ч  цар тахлын улмаас удааширсан тул Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо, Хөшигтийн хөндий зэрэг боомтод хийгдэж байгаа бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлуудыг 2022 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.

Цаашид боомтыг хөгжүүлэх ерөнхий цогц төлөвлөгөөг баталсан. Жолоочгүй тээврийн хэрэгслийн терминал байгуулах, дүүжин тээвэр байгуулах, төмөр замын бүтээн байгуулалт хийх зэрэг ажлууд багтсан.

Манай улсын гаалийн байгууллагын зүгээс хөрш орнуудын гаалийн байгууллагуудтай харилцаа өндөр ажилладаг.

Автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг олон улсын жишгээр Монголд хэрэгжүүлэх, чингэлгийг агаараар тээвэрлэх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллана.

БНХАУ- руу уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байгаа бүх боомтууд чингэлэг тээврийн терминал руу шилжих бодлого барьж ажиллана. Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бий болох боломжтой хэмээн харж байна.

Өөрөөр хэлбэл, хүн хоорондын хавьтал үүсгэхгүйгээр, автомат системтэйгээр ажиллахыг хэлж байна. Автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг олон улсын жишгээр Монгол Улсад хэрэгжүүлнэ” гэв.

Түүнчлэн 2021 онд 35 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч 15.6 сая тонныг экспортолсон бөгөөд 20 сая тонн нүүрс гаргаж чадаагүй юм. Тиймээс цаашид жилд 35 сая тонн нүүрс экспортлох боломжийг бүрдүүлэхээр ажиллана гэдгийг тэрбээр нэмж онцолсон.