Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Кэмбрижийн гүнгийн ахайтны 40 насны ойд зориулсан гэрэл зургуудыг нийтэд үзүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хатан хааны бэр, Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэйт Мидлтон өчигдөр 40 нас хүрчээ.

Энэ үйл явдлыг тохиолдуулан Кенсингтоны ордны захиргаа Кэйтийн гурван хөрөг зургийг өчигдөр олон нийтэд танилцуулсан байна.

 

Эдгээр хөрөг зургийг Италийн хувцас загварын ахмад гэрэл зурагчин Паоло Роверси буулгасан ажээ. Кэйт 2011 онд хунтайж Уилльямтай гэрлэснээр хатан хааны гэр бүлийн гишүүн болсон юм.

Хатан хааны ач хүү Уилльям нь хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тэд өнгөрсөн хугацаанд гурван хүүхэд төрүүлсэн юм.

Нэг хөрөг дээрээ Кэйт хуримын цагаан даашинз өмсөж, хуруундаа Уилльямын талийгаач ээж Дайана гүнжийн сүйн бөгжийг зүүжээ.

 

Гэрэл зургуудыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баруун Лондоны Кью ботаникийн цэцэрлэгт авсан болохыг Кенсингтоны ордны захиргаа тайлбарласан байна.

Кэйтийн хөргүүдийг түүний төрж өссөн, Уилльямтай танилцсан, хамт амьдарч байсан бүс нутгуудаар аялуулж, нутгийн иргэдэд үзүүлсний дараа Үндэсний Хөрөг Зургийн Галерейд байрлуулах гэнэ.

 

Британийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар тус улсын язгууртнуудын дундаас Уилльям, Кэйт нар нэр хүндээрээ 95 настай хатан хааны дараа хоёрдугаарт бичигддэг юм.

Цар тахлын улмаас Кэйт төрсөн өдрөө гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд цомхон тэмдэглэхээр болжээ.

 

Эх сурвалж: Reuters