Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цай Вэньруй: Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бүхнээ зориулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцсон байна.

Итгэлт сайн хөршийн хувиар энэхүү эгзэгтэй цаг үед талууд хэн хэндээ аливаа хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр харилцан ашигтай байхын ажиллахын төлөө бүхий л нөөц боломжоо эрэлхийлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэж байна

Шадар сайд "Цар тахлын нөхцөлд хил, гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулах гарц, орцыг ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар байгуулж, миний бие даргалан ажиллах болсон. Тиймээс тантай уулзаж, Эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлаар санал солилцож байна. Мөн чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байна.

Монголын талын бүх бэлтгэл хангагдсан, хилээр орж ирсэн ачаатай чингэлгийг 48 цагийн дотор буцаан гаргана. Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байна" гэв.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын цахим хурлыг ойрын үед хуралдуулж, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд чөлөөт бүсийг нээх бэлтгэл ажлыг эхлүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгааг Элчин сайдад хэлэв.

Хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллах нь зүйтэй

Элчин сайд Цай Вэньруй "Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллах нь зүйтэй" гэдгээ илэрхийлжээ.