Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Кабулын үймээний үеэр сураггүй болсон хүүг гэр бүлийнхэн нь олжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эцэг эхээсээ төөрсөн Сохали хүү

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын цэрэг Афганистанаас гарах үеэр Кабулын олон улсын нисэх буудал Талибаны дэглэмээс зугтах хүсэлтэй хүмүүсээр дүүрээд байсан юм.

Энэ үед олны хөлд дарагдахаас хамгаалах зорилгоор хоёр сартай Сохали Ахмади хүүг эцэг эх нь нисэх буудлын өргөст тортой хашааг давуулан Америк цэргүүдэд өгч байжээ.

Дараа нь хүүгийн эцэг эх нисэх буудлын хашаанд орж чадсан ч Сохалийг олж чадаагүй юм.

Хүүгийн эцэг Мирза Али Ахмади АНУ-ын элчин сайдын яамны харуулаар ажиллаж байсан тул эхнэр, бусад дөрвөн хүүхдийн хамт Кабулаас дүрвэж, АНУ-ын нутагт суурьшиж чаджээ.

Гэхдээ тэд бага хүүгийнхээ сургийг гаргаж чадаагүй байна.

Харин арваннэгдүгээр сард Ройтерс агентлаг Кабулын нисэх буудалд хаягдсан байсан нялх хүүхдийг олж өсгөж буй Кабулын таксины жолооч Хамид Сафийн тухай мэдээлжээ.

29 настай Сафи хүүгийн гэр бүлийг хайгаад олоогүй тул өөрийн хүүхэд болгон өсгөхөөр шийдээд байсан гэнэ.

Тэрбээр хүүд Мохаммад Абед хэмээх шинэ нэр өгчээ.

Энэ мэдээг цацагдсаны дараа Сохалигийн өвөө Мохаммад Касем Разави уугуул нутаг Бадахшанаасаа нийслэл Кабулд яаран очиж, ач хүүгээ авахаар Сафийн гэрт ирсэн байна.

Гэвч Сафи хүүг шууд өгөхөөс татгалзаж, хариуд нь АНУ руу гэр бүлээрээ цагаачлахад туслахыг шаарджээ.

Нэг сар, хагас орчим хугацаанд талууд яриа хэлэлцээ хийж, Талибаны цагдаа Сафийг хэсэг хугацаанд баривчилсны дараа Бямба гарагт Сохали хүүг өвөөд нь шилжүүлж өгсөн байна.

 
Хүүг өвөөд нь өгч байгаа Сафи

Америкт байгаа гэр бүлийнхэн нь өвөөтэйгөө хамт байгаа Сохали хүүтэй видео холбоогоор холбогдож, бөөн баяр хөөр болжээ.

Эцэг эх нь хүүгээ удахгүй АНУ руу татаж авч чадна гэдэгтээ итгэлтэй байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 
Өвөөгийнхөө өвөр дээр суугаа Сохали хүү

 

Эх сурвалж: BBC