Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сансраас ирээд удаагүй байгаа Японы тэрбумтан дэлхийн гүн рүү аялахаар төлөвлөжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Японы тэрбумтан Юсакү Маезава өнгөрсөн сард өөрийн туслахын хамт дэлхийн тойрог замд 12 хоноод ирсэн билээ.

Сансраас буцаж ирснээсээ хойш анх удаа тэр өчигдөр Токио хотод хэвлэлийн хурал зохион байгуулжээ. “Сансарт аялаад ирсэн хүн дэлхийдээ улам хайртай болдог юм байна. Агаар салхи, улирлын өөрчлөлт, байгалийн үнэрээс авах мэдрэмж, таашаал улам нэмэгддэг. Манай дэлхий бол гайхамшигтай сайхан гараг юм” гэж Маезава ярьсан байна.

Тэрбээр жингүйдлийн орчинд амьдрахад ямар хүндрэлүүд тулгарч байснаа сэтгүүлчдэд ярьжээ. “Үргэлж агаарт хөвж байдаг тул унтахад их хэцүү” гэж тэр сансарт тохиолдсон нэг бэрхшээлийнхээ талаар ярьсан байна.

46 настай тэрбумтан 2023 онд Илон Маскийн SpaceX-ийн хөлгөөр сарыг тойрох аялалд оролцохоор төлөвлөөд байгаа юм. Гэхдээ үүнээс өмнө амжуулах бас нэг аялал байгааг Маезава өчигдөр сэтгүүлчдэд хэлжээ.

“Зөвхөн сар руу, дээшээ аялахаас гадна би бас доошоо аялах мөрөөдөлтэй хүн. Дэлхийн хамгийн нам дор цэг болох Марианы хонхорт хүрэх талаар би бодож байна” гэж тэр ярьсан байна.

Марианы хонхор нь Номхон далайн гүнд оршдог манай гарагийн хамгийн нам дор цэг юм. Энэ цэгт ердөө гурван хүн хүрч байв.

Маезава уг аялалдаа ямар шумбагч хөлөг ашиглах, хэр удаан аялах зэргээ төлөвлөсөн байгаагаа энэ үеэр дуулгажээ. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Тэрбээр Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүр Zozotown-ийг үүсгэн байгуулж, 2019 онд Yahoo Japan компанид зарснаар тэрбумтан болсон юм.

 

Эх сурвалж: AFP