Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн Лукашенко Казахстаны Назарбаевтай утсаар ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Казахстаны экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай утсаар ярьсан тухай БелТА агентлаг мэдээлжээ.

Казахстанд засгийн газрын эсрэг иргэдийн тэмцэл эхэлснээс хойш Назарбаевтай  албаны шугамаар холбогдсон тухай мэдээлэл анх удаа олон нийтэд цацагдсан нь энэ юм.

Одоо 81 настай Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан ч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалд үлдэж, улс орноо далдаас удирдаж байгаа.

Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өнгөрсөн Лхагва гарагт Назарбаевыг дээрх албан тушаалаас нь буулгаж, өөртөө бүх эрх мэдлийг төвлөрүүлснээ зарлаж байв.

Лукашенко, Назарбаев нар “Казахстаны дотоод нөхцөл байдлын талаар хэлэлцсэн” тухай Беларусийн төрийн БелТА агентлаг мэдээлсэн ч үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Назарбаев хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Түүнийг эх орноосоо явсан, явахаар бэлдэж байгаа гэсэн баталгаагүй мэдээллүүд цацагдаж байна.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Казахстаны коммунист намын дарга асан Назарбаев улс орноо бараг 30 жил завсаргүй удирдсан юм. Өнгөрсөн хугацаанд тэр болон түүний гэр бүлийнхэн асар их баяжсан гэдэг.

Энэ долоо хоногт эхэлсэн тэмцэл эхэндээ хийн түлшний үнийн өсөлттэй холбоотой байсан бол сүүлдээ Назарбаевын эсрэг болж хувирсан байна. Тэмцэгчид Назарбаевын хөшөөг буулгаж, “Өвгөнийг зайлуул!” гэсэн уриаг хашхирч байв.

 

Эх сурвалж: BelTA