Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын 3-наас хойш нийтийн дунд хийсэн тандалтын РCR шинжилгээнээс S генийн алдагдалтай сорьцууд илэрсэн"

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой юу?

- Коронавирусийн Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол NGS буюу бүрэн геномын дарааллыг тогтоох шинжилгээгээр батлагдлаа. Энэ технологиор тухайн хувилбарыг дотооддоо баталгаажуулах бүрэн боломж бидэнд бий.

Гэхдээ тухайн шинжилгээний хариу гартал 14 хоногоос дээш хугацаа зарцуулдаг. Тиймээс бид NGS-ээс гадна PCR шинжилгээгээр хувилбарын тандалтыг баталгаажуулан ажиллаж байна.

Тухайлбал, дээр дурдсан 12 тохиолдол нь РCR шинжилгээгээр Омикрон байх магадлалтай гэж гарсныг NGS -ээр баталгаажуулсан.

- Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг хэрхэн тусгаарлаж байгаа вэ?

- Энхийг сахиулагчид онгоцноос буунгуутаа “Багабаян” гэх тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан. Эерэг илэрсэн болон ойрын хавьтлууд тус тусдаа байранд байрлаж байсан бөгөөд эмнэлгийн тусламжийг Цэргийн төв эмнэлэг үзүүлсэн.

Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдол бүрийн ойрын хавьтал, кластерийн зургийг гаргаж, ХӨСҮТ, ЭНЭҮТ-II, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэн тусгаарлаж эмчилж байсан. Бид дотоодод халдвар тархах эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилласан.

Түүнээс гадна, оны эцсээр иргэд шинэ жилийн арга хэмжээнд олуулаа орсон. Халдварт өвчний эсрэг хэрэгжүүлдэг хамгийн өвөрмөц арга хэмжээ бол нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн халдвар хамгааллын арга хэмжээг баримтлахад оршдог. Гэвч шинэ жилийн арга хэмжээнүүд эрсдэл үүсгэсэн.

 

- Эмнэлгийн орны ачаалал хүрэлцээтэй байгаа юу?

- Оны өмнө 200 хүртэл тохиолдол бүртгэгдэж байв. Гэвч сүүлийн хоногуудад тохиолдлын тоо 3-4 дахин нэмэгдлээ.

Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч эмнэл зүйн хүнд хөнгөний эрэмбэлэлт хийгдэж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг л эмнэлэгт хэвтүүлж байгаа.

- Нийтийн дунд Омикрон хувилбар тархсан эсэхэд тандалт хийж байгаа юу?

- Бид олон нийтийн дунд шинэ хувилбарын вирус тархсан эсэхийг үргэлж танддаг. Оны өмнө буюу арванхоёрдугаар сард авсан сорьцуудад альфа, дельта, S генийн алдагдал шинжүүдийг үзэхэд дельта вирусийн тохиолдлууд илүү байсан.

Харин арванхоёрдугаар сарын 30-нд авсан нэг сорьцод S генийн алдагдал илэрсэн. Мөн он гараад нэгдүгээр сарын 3-наас хойш өдөр бүр хийж буй тандалтын РCR-ийн шинжилгээгээр S генийн алдагдал илэрсэн сорьцууд бий.

Тэдгээрийг NGS-ийн шинжилгээгээр баталгаажуулахаар ажиллаж байна.

- Омикрон хувилбарын халдварлуулах чадварын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Өмнө нь дельта хувилбарын давлагаа 9, 10 дугаар сард маш удаан хугацаанд үргэлжилсэн. Харин Омикрон хувилбарын тархалт дельтагаас илүү хурдан тархахаар байна. Зарим тохиолдолд дельтагаас 4-5 дахин өндөр гэж үзэж байгаа. Гэхдээ давлагаа хурдан эхлэхийн хэрээр эргээд хурдан буурах байх гэсэн таамаглал бий.

Халдварлуулах индексийн тухайд, Омикрон хувилбар дельтагаас халдварлуулах чадвар өндөр ч хүндрэх эрсдэл нь бага гэж хэлж болохоор байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/844258103012701