Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ. 

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан үйлдлийг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн ерөнхий газраас уриаллаа.