Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн мафийн оргодол боссыг Google Maps-ээр илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шоронгоос оргоод олон жил баригдалгүй зугтаж явсан Италийн мафийн боссын байгаа газрыг мөрдөгчид Google Maps үйлчилгээний тусламжтай илрүүлжээ.

Одоо 61 настай Жоаккино Гаммино нь хүн амины хэргээр Ромын шоронд хоригдож байгаад 2002 онд оргосон юм байна.

Тэрбээр Испани улсын Галапагар хотод Мануэл нэрээр амьдарч байжээ.

Google Street View үйлчилгээнд орсон Галапагарын гудамжны гэрэл зурагт Гамминотой төстэй эрэгтэй хүн дэлгүүрийн гадаа зогсож байгаа дүрслэгдсэн байна. Эндээс үндэслэн эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг зохион байгуулснаа Италийн мөрдөгчид мэдээлжээ.

Гаммино нь Сицилийн Стидда нэртэй гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, Италид эрэн сурвалжлагдаж байгаа хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг байсан юм.

Сицилийн мөрдөгчид түүнийг Испанид байгаа гэж үзэж байсан ч яг хаана байгааг нь мэдэхгүй байжээ.

Эхлээд Галапагар хот дахь Сицили хоолны нэгэн рестораны фэйсбүүк хуудсанд тогоочийн хувцастай Гамминогийн гэрэл зураг нийтлэгдсэнийг мөрдөгчид илрүүлсэн байна. Гэвч ресторан нь хаагдсан байжээ.

Дараа нь рестораны ойр орчмын газруудыг Google Maps-ийн тусламжтай шүүсний үр дүнд Гамминогийн амьдардаг газрыг олсон байна.

 

Гамминог арванхоёрдугаар сарын 17-нд Испанийн цагдаа нар баривчилсан тухай Сицилийн цагдаагийн газар өчигдөр анх удаа олон нийтэд мэдээлжээ.

Баривчлагдах үедээ Гаммино “Та нар намайг яаж олов оо? Би гэр бүлийнхэнтэйгээ хүртэл 10 жил утсаар яриагүй юмсан” хэмээн ихэд гайхан ярьж байсан гэнэ.

Испанид хоригдож байгаа гэмт хэрэгтнийг хоёрдугаар сарын сүүлээр эх оронд нь шилжүүлж өгөх төлөвтэй байгааг Итали улсын мафитай тэмцэх цагдаагийн тасгийн дэд дарга Никола Алтеро мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC