Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ тэргүүтэй улсууд Казахстанд энхийг сахиулагчдаа оруулахаар боллоо

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгчийн хүсэлтээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнууд түр хугацаанд энхийг сахиулагч цэргийн хүчээ тус улсад оруулахаар болжээ.

“Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевын хүсэлтээр, Казахстан улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг гадаад хүчний нөлөөнөөс хамгаалах зорилгоор ХАБГБ-ын аюулгүй байдлын зөвлөл энхийг сахиулагчдын хамтарсан зэвсэгт хүчнийг хамтын гэрээний 4 дүгээр зүйл заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Казахстан Улсад байрлуулахаар боллоо” гэж тус байгууллагын тэргүүн, Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн байна.

Хамтарсан зэвсэгт хүчин Казахстанд дэг журам тогтож, нөхцөл байдал хэвийн болох хүртэл буюу хязгаарлагдмал хугацаагаар байрлахыг тэр бас мэдэгджээ.

Пашиняны мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө террористууд улс орны стратегийн ач холбогдолтой байгууламжууд руу халдаж эхэлсэн тул ХАБГБ-аас тусламж хүсэх болсноо Токаев нийтэд мэдэгдсэн юм.

Шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал, цуглаан шинэ оны эхний өдрөөс эхлэн Казахстан даяар өрнөөд байна.

Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр орон даяар онц байдал зарласан юм.

ХАБГБ-ыг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1992 онд ОХУ, Армени, Казахстан, Киргизистан, Тажикистан, Узбекистан улсууд хамтран байгуулж байжээ.

Хоёр жилийн дараа Азербайжан, Беларусь, Гүрж улсууд нэгдсэн байна. Харин 1999 онд эдгээрээс Азербайжан, Гүрж, Узбекистан гишүүнчлэлээ цуцалж, бусад зургаан улс гишүүн хэвээр үлдсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today