Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: Ууцны үнэ 200,000, өвчүүнийх 120,000 төгрөгөөс эхэлж байна

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2022.01.06 өглөөний 08:20 цаг/

Энэ жилийн Цагаан сараар төрийн золголт хийхгүй байх, ард иргэд өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн ч өглөөний 08:14 цаг гэхэд Хүчит шонхор зах хөл хөдөлгөөн ихтэй байв. 

Сар шинийн баяр болоход 20 гаруй хоногийн хугацаа үлдсэн эдгээр өдрүүдэд мах, ууц, өвчүү, гурил, цагаан идээ ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.

Буузны гол орц хонины ястай мах жижиглэнгээр 7,000-9,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол ямааны мах 6,000, үхрийн мах 9,500-12,000, адууны мах 5,500-6,000 төгрөгийн үнэтэй байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn /2022.01.06 өглөөний 08:15 цаг/

Жижиглэнгийн лангууны худалдагч "Махны үнэ ойрын үед тогтвортой байгаа. Өнгөрсөн жилийн энэ үед ч мөн ойролцоо үнээр худалдаж байсан. Баяр ёслолын үеэр махны эрэлт нэмэгддэг байсан ч коронавирусийн халдвар гарснаас хойш бараг жирийн үетэй адил байх болсон. Цагаан сарын өмнө худалдан авалт нэмэгдэх байх. Одоогоор эрчимжээгүй, худалдан авагч цөөхөн л байна" хэмээн ярилаа.

Хоёр, гурав хоногийн өмнөөс ууц, өвчүүний худалдаа эхэлжээ

 
Гэрэл зургийг mpa.mn

Цааш явж автомашин дээрээс мах худалдаалдаг хэсэгт очвол бөөний худалдаа үргэлжилж байв. Өглөө 06:00 цагт зах онгоймогц бөөний худалдаа эхлэн, 08:15 цаг гэхэд ерөнхийдөө дуусах дөхжээ. Зарим машины тэвш хоосорсон байв. Үргэлжлүүлэн ууц, өвчүүг гарган өрж байлаа. 

Ууцны үнэ энэ жил 200,000 төгрөгөөс эхэлж байгааг худалдаачид хэлэв. Ууцны мах кг нь хамгийн багадаа 8,500 төгрөг. Жинлэж үзвэл 340,000 төгрөгт хүрэх ууц ч байгаа аж. 

Харин өвчүүг хамгийн хямддаа 120,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Өвчүүний кг-ын үнэ 9,500-10,500 төгрөгт хэлбэлзэж байна. 

Хоёр, гурав хоногийн өмнөөс ууц, өвчүүний худалдаа эхэлж байгааг худалдаачид хэлж байв.

Иргэд гулуузаар нь авсан махаа шуудайд хийж, авч явдаг байсан бол өнөөдөр өглөөний хувьд шуудай харагдсангүй. Шуудай, гялгар тор, уутны худалдаа ч алга. Тиймээс мах худалдан авахаар Хүчит шонхор захыг зорих бол шуудай, уутаа бэлдээд очих хэрэгтэй болж.

25 кг-ын шуудайтай дээд гурил 33,000-40,000 төгрөг

 
Гэрэл зургийг mpa.mn /2022.01.06 өглөөний 08:30 цаг/

Буузны дараагийн гол орц нь гурил. Буузны гурилыг иргэд 25 кг-аар худалдаж авдаг бөгөөд "Улаанбаатар", "Алтан тариа" үйлдвэрийн дээд гурил хамгийн их борлуулагддаг болохыг худалдагч хэллээ. "Улаанбаатар" дээд гурил нэг шуудай нь/25 кг/ 40,000, "Алтан тариа" үйлдвэрийн дээд гурил нэг шуудай нь/25 кг/ 33,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 

Иргэд гурил авахдаа будаа хамтад нь авах нь элбэг бөгөөд будаа  кг нь 2,500-6,000 төгрөгийн үнэтэй байгаа гэдгийг худалдагч хэлэв.

Хэдий Цагаан сар болох дөхсөн байгаа ч Шинэ жилийн баяр дуусаад удаагүй тул иргэдийн худалдан авалт хараахан идэвхжээгүй байна. Цагаан идээний үнийн хувьд мөн тогтвортой байгаа хэмээн худалдаачид хэлж байлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn /2022.01.06 өглөөний 08:40 цаг/
ФОТО СУРВАЛЖИЛГА

Гэрэл зургийг Мpa.mn, Д.Занданбат