Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх Мэргэжлийн хяналтынхны чиг үүргийг Гаальд шилжүүлжээ

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгажээ.

Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.