Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Sony компани цахилгаан автомашин үйлдвэрлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы электроникийн томоохон компани Sony цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэлийн салбарт орох болсноо өчигдөр зарлажээ.

Өчигдөр тус компани АНУ-ын Лас-Вегас хотод эхэлж байгаа CES (Consumers Electronic Show) үзэсгэлэн дээр өөрийн зохион бүтээсэн Vision-S автомашины туршилтын загварыг үзүүлсэн байна.

2022 оны хавар Sony цахилгаан автомашины салбарт ажиллах Sony Mobility охин компаниа байгуулахаар болжээ.

Vision-S ангиллын автомашинууд нь төрөл бүрийн гадаад болон дотоод мэдрэгчүүдээр тоноглогдсон, автомат жолоодлогын системтэй байх гэнэ. Мөн Sony компанийн хамгийн сайн чаддаг зүйл болох энтертайнмэнт системүүдээр бүрэн тоноглогдох ажээ.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины салбар одоогоор дөнгөж эхлэлийн шатандаа яваа ч маш олон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа.

Өнөөдөр АНУ-ын автомашины зах зээлийн ердөө 3 хувийг ийм төрлийн машинууд эзэлж байгаагаас шинэ салбар ямар ирээдүйтэй нь харагдаж байна.

Америкийн хамгийн том авто үйлдвэрлэгч General Motors цахилгаан автомашины хөгжүүлэлтэд 2025 оныг хүртэл $35 тэрбумыг зарцуулахаа мэдэгдээд байгаа.

АНУ-ын засгийн газар дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинаас цахилгаан хөдөлгүүрт автомашинд шилжих шилжилтийг түргэсгэх зорилгоор цэнэглэгч станцуудын сүлжээг байгуулахад олон тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: AFP